Иргэдийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй гэж хариулжээ

2022 оны 5 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа.

-Нийслэлийн Орон сууцны бодлогын газар ямар чиг, үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, дахин шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай агентлаг анх нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар нэртэйгээр зөвхөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа явуулж байсан бол 2021 оноос зөвхөн гэр хороолол гэлтгүй нийслэл хотын хэмжээнд орон сууцны бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг бүхэлд нь боловсруулж, төлөвлөж, хэрэгжүүлэх зорилготой болж, үйл ажиллагаа маань өргөжсөн.

Нийслэл хотод хөдөө орон нутгаас нүүн ирж суурьших иргэдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр гэр хорооллын өрхийн тоо нэмэгдэж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын газар уул руугаа тэлж байна. Манай байгууллагын үйл ажиллагааны гол зорилт бол гэр хорооллын айл өрхийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, үр хүүхдүүдийн сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангах явдал юм.

-Нийслэлийн хэмжээнд энэ онд хэчнээн орон сууц ашиглалтад орохоор байна вэ. Энэ нь өнгөрсөн онуудтай харьцуулахад ямар үзүүлэлт вэ?

-Манай байгууллагын зүгээс нийслэлийн орон сууцны бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, мэдээлэл судалгааг нэгтгэж гаргах, тус бодит нөхцөл, боломж дээрээ үндэслэн нийслэлийн хэмжээний орон сууцны нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд урьд жилүүдэд 15-16 мянга орчим орон сууц ашиглалтад ордог байсан бол 2022 оны хувьд 21 мянга орчим орон сууц ашиглалтад орохоор судалгаа гарсан.

Ашиглалтад орох орон сууцны тоо урьд жилүүдээс нэмэгдсэн байгаа нь ковидын нөхцөл байдлаас болж зогсонги байдалд орсон барилгын компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж эхэлсэнтэй холбоотой болов уу. Дэлхий нийтэд тархсан аюулт өвчний улмаас хоёр жил шахам хугацаанд хорио цээрийн дэглэмийн нөхцөлд амьдарсан иргэд, айл өрхүүдийн орон сууцны хэрэгцээ, шаардлага ч мөн өсөн нэмэгдэж байна.

Цахилгаан, дулаан болон бусад инженерийн шугам сүлжээний хүртээмж хангалтгүй байна

-Ер нь цаашид орон сууц барихад нийслэлийн шугам, сүлжээний хүчин чадал хүрэлцээтэй хэмжээнд байж чадаж байгаа юу?

-Монгол Улсын Их хурлаар баталсан “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийслэл хотын гэр хорооллыг гурав хуваан бүсчилж, хөгжүүлэхээр тусгасан байдаг. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээтэй холбогдох боломжтой гэр хорооллыг өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гэвч цахилгаан, дулаан болон бусад инженерийн шугам сүлжээний хүртээмж хангалттай биш байгаагаас цаашид өндөр давхар бүхий цогц хорооллыг барьж байгуулахад хүндрэлтэй болж байгаа. Иймд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд нэг төвт хотоос олон төвт хот байгуулах, хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр зургаан дэд төвийг байгуулахаар тусгасан бөгөөд хөтөлбөрийн суурь судалгаа болон үндсэн бодлогыг боловсруулж, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2013 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталж, хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг 9 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" нь тус төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус дэд төвүүд нь инженерийн дэд бүтцийг бий болгон өргөжүүлэх бөгөөд түүнийг даган барилгажих ажлууд эхэлнэ. Ингэснээр иргэд газраа эргэлтэд оруулж, нийтийн хэрэгцээнд зориулан чөлөөлснөөр нийгмийн дэд бүтцээр хангагдах боломжтой болох юм. Голлох авто замуудыг өргөтгөн шинэчлэх, шинээр тавих ажлыг инженерийн шугам сүлжээтэй хослуулан гүйцэтгэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын дүр төрх үндсээрээ өөрчлөгдөнө.

Иргэдийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй гэж хариулжээ

-Иргэдийн орон сууц худалдан авах чадвар ямар байна вэ?

-Манай байгууллагаас 2021 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 9,342 айл өрхөөс орон сууцны хэрэгцээний судалгааг авсан. Тус судалгаанд гэр хорооллын дахин төлөвлөлт их хийгдэж байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэд 32.3, Баянзүрх дүүргийнх 25.3, Чингэлтэй дүүргийнх 16.3, Хан-Уул дүүргийнх 9.9, Сүхбаатар дүүргийнх 8.1, Баянгол дүүргийн иргэд найман хувьтай хамрагдсан. Судалгаа авсан иргэдийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй гэж хариулсан боловч орон сууцыг ямар нөхцөлөөр худалдаж авах хүсэлтэйг асуусан асуултад хамгийн их буюу 42.2 хувь нь түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох хүсэлтэй гэсэн.

Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд үл хөдлөх хөрөнгө, газраа байраар солино гэж 29.5 хувь нь иргэн хариулжээ. Түүнчлэн орон сууц худалдан авах төлбөрөө хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуултад цалингийн болон тэтгэврийн зээлээр төлнө гэж судалгаанд оролцсон иргэдийн 44.4 хувь нь хариулсан. Одоо амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгөө урьдчилгаанд тооцуулна, ер нь орон сууц худалдаж авах урьдчилгаа төлбөр байхгүй гэж судалгаанд оролцогчдын 68.6 хувь нь хариулжээ.

Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдээгүй гэж 2,266 буюу 26.4 хувь нь хариулсан. Дээрх судалгаанаас үзэхэд, гэр хорооллын иргэд орон сууцанд орох хүсэлтэй боловч худалдан авах чадварын хувьд хангалтгүй байгаа нь харагдаж байна. Тус судалгаандаа үндэслээд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд газар, үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулж, орон сууцаар солих боломжийг нь хангах, амьдрах орчин, нөхцөлөө сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Баянзүрх дүүрэгт байр хамгийн үнэтэй байна

-Орон сууцны үнийг дүүрэг бүрээр харьцуулбал, аль дүүрэгт хамгийн үнэтэй болон хямд байна вэ. Мөн шалтгаан нь юу вэ?

-2022 оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд зарагдаж байгаа орон сууцны үнийн судалгааг гаргаж үзэхэд, мкв шинэ байрны борлуулалтын үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3,650,000 төгрөг байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Энканто”, “Хүннү 2222” хороолол болон шинэ гүүр орчмын шинэ орон сууцны үнээс шалтгаалж ийм үнэтэй байгаа. Харин Хан-Уул дүүрэгт борлуулж байгаа нийт орон сууцны борлуулалтын дундаж үнэ нь 3,300,000 төгрөг орчим байна. Хэдийгээр Зайсан, Яармаг, Нүхт орчимд орон сууцны мкв-ын үнэ 3-7 сая төгрөг байгаа боловч Нисэх, Био орчмын алслагдсан хороодын орон сууцны үнэтэй харьцуулж гаргахад Баянзүрх дүүргийн дунджаас бага гарсан.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд орон сууцны үнийн судалгааг танилцуулъя. Зургаан дүүргийн хэмжээнд дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон орон сууцны мкв-ын дундаж үнэ 2,650,000 төгрөг байгаа. Энэ нь өнгөрсөн оныхоос 40-өөд хувиар өссөн гэсэн үг. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд төслийн байршил дахь гэр хорооллын иргэдийн дунджаар 700 мкв газрыг газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй нь тохиролцсоны үндсэн дээр 100-120 мкв орон сууцаар сольж байгаа. Мөн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг нэмж үнэлэн мкв-ыг нэмэгдүүлэн тооцож, гурван талт гэрээ байгуулан, газар чөлөөлж байна.

Гэр хорооллын 7,000 орчим янданг буулгав

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэчнээн орон сууц ашиглалтад ороод байна. Энэ жил хэдэн айлын орон сууц ашиглалтад орох вэ?

-2015 онд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэн. Тус хуулийг дагалдан дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зохицуулах журмууд батлагдан гарч, дахин төлөвлөлт эрчимжсэн. Одоогийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 19 байршил 56 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 10,982 орон сууцыг ашиглалтад оруулж, 7,000 орчим гэр хорооллын янданг буулгасан. Гэр хорооллын янданг буулгаснаар нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч зургаан аж ахуйн нэгж нийт 773 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Цаашид оны эцэс гэхэд нийт 6,033 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэвч барилгын материалын үнийн өсөлт, татан авалтын хязгаарлалт зэрэг хүчин зүйлээс шалтгаалж энэ зорилт маань буурах магадлалтай.

-Барилгын материалын үнэ нэмэгдсэн. Энэ нь орон сууцны үнэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Дахиад л нөгөө ковидын дараах эдийн засгийн хүндрэлийн асуудлыг дурдах хэрэгтэй байх. Дэлхий нийтэд тархсан ковид өвчний улмаас манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний хүндрэл тулгараад байна. Үүний нэг нь барилгын салбарт учирч байгаа хүндрэлүүд юм. Барилгын материалын үнийн өсөлт, импортын барилгын материалын татан авалт, валютын хязгаарлалт зэрэг нь барилгын салбарын хөгжилд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүллээ.

Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалын үнийн харьцуулалтыг 2021 оны гуравдугаар сарын байдлыг 2022 оны гуравдугаар сарын байдалтай харьцуулахад, барилгын арматур нэг тонн нь 2,094,000 төгрөгөөс 3,150,000 төгрөг болж, 50.9 хувиар нэмэгдсэн. Мөн вакум цонх 210,870 төгрөгөөс 400,000 төгрөг болж 89.7 хувиар, бетон, бетон бүтээгдэхүүний гол нэр төрлийн 14 бүтээгдэхүүний дундаж өсөлт өнгөрсөн оныхоос 46.9 хувиар нэмэгдсэн байна. Мэдээж энэ үнийн өсөлт нь орон сууцны үнэд нөлөөлж, орон сууцны мкв-ын үнэ өсөж байгаа.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636816
0 эможи

keyboard_arrow_up