Төмөр зам дахь цагдаагийн газраас “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” өдөрлөгийг зохион байгуулж байна
Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газраас Хууль зүй Дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажил, Монгол Улсын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж хамтран ажиллах, хяналт шалгалт зохион байгуулах зорилгоор Улаанбаатар хот дахь төмөр замын ажилчид, иргэд, олон нийтэд “Иргэн таны төлөө” өдөрлөгийг өнөөдөр /2022.04.29/ зохион байгуулж байна.
Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр, “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Улаанбаатар Төмөр замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч бөгөөд Гэмт хэрэг авилгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Ш.Нямсүрэн болон алба хаагч, ажилтан, иргэд, оролцлоо.
Энэхүү өдөрлөгийг Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын талбайд зохион байгуулж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, “Сүлд” чуулга, “Улаанбаатар Төмөр зам” хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Өдөрлөгийн үеэр тус цагдаагийн газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Архи, тамхины хор хөнөөл”, Улаанбаатар Төмөр замаас “Авлига, ашиг сонирхол, мөнгө угаах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.