Сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг иргэдийн 71.9 хувь нь дэмжиж байна
Хотын түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад явуулж байна.
Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгыг авч байгаа. Санал асуулга өнөөдөр 14.00 цагт дуусах бөгөөд одоогийн байдлаар 6174 иргэн саналаа өгчээ.
Санал өгсөн хүмүүсийн 71.9 хувь нь дээрх саналыг дэмжиж буй бол 28.1 хувь нь дэмжихгүй байгаа юм.
Санал асуулга дараах хоёр санал, асуулгаар явагдаж буй юм.
1.Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх
2. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох
Ажил эхлэх цаг -07:00-10:00
Ажил тарах цаг -16:00-19:00
07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.