“Яармагийн түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд Яармагийн замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох ажлыг эхлүүлнэ“
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт баригдсан Нийслэлийн төр, захиргааны шинэ байр руу нүүх үүргийг өгсөн.
Засгийн газраас өгсөн үүргийн дагуу нийслэлийн харьяа алба агентлагийнхан нүүж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны зургаан байгууллагын 400 гаруй албан хаагч нүүн суурьшаад байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний удирдлагын баг хамт олон, Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнөөдөр Яармаг дахь Нийслэлийн төр, захиргааны II байранд биечлэн очиж, үүрэг даалгаврын биелэлтээ шалгажээ.
Нисэх, Яармаг орчимд авто замын түгжрэл их, хотын захиргааныхан нүүж суурьшихаар түгжрэл улам нэмэгдэнэ гэсэн болгоомжлол нийтийн дунд бий. Тэгвэл Яармаг орчмын замын түгжрэлийн шалтгаан хийгээд түгжрэлийг бууруулах ажлын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан.
Тэрээр "Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажлын байр хамгийн олноор төвлөрсөн байдаг. Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажлын байрны тоо дээрх дүүргүүдээс хоёр дахин бага байдаг. Тиймээс хотын захиргаа Яармагт шилжиж ирснээр шинэ хотын төвийг хөгжүүлэх үндэс суурь болох юм. Яармагийн замын хөдөлгөөнд Өлзийт, Биокомбинатын иргэдээс гадна Өмнөговь, Дундговь аймгаас ирж буй иргэдийн “Нарантуул” зах руу чиглэсэн хөдөлгөөн нэмэр болдог нь судалгаанаас харагддаг. “Нарантуул” зах амардаг мягмар гарагт Яармаг орчмын замын хөдөлгөөн 10 орчим хувиар буурдаг.
Мөн сургууль, цэцэрлэгийн хомсдолтой ч холбоотой. Нисэх, Яармагт аж төрж буй иргэд хүүхдүүдээ хотын төв руу зөөж сургаж байна. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд Яармагийн замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд Туул гол дээгүүр 400 метр гүүр, Энхтайваны өргөн чөлөө орчимд 240 метр гүүр, Дунд гол дээгүүр 90 метр гүүр барина. Улаанбаатар хотын хамгийн урт гүүрэн байгууламжтай 4.3 км авто замыг барьж байгуулах юм. Энэ зам баригдсанаар Яармаг орчмын түгжрэл 15-20 хувиар буурна. Түүнчлэн Мишээл орчим, Тэмээтэй хөшөө, Гэгээнтэн орчмын уулзварт дахин инженерчлэл хийж, нэвтрүүлэх чадварыг сайжруулна. Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгох гэхчлэн бүтээн байгуулалтыг хийнэ" гэсэн юм.