Архангайд хүүхэд зодсон багшийн диплом, баримт бичиг нь хуурамч биш
Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ асуудлын талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Тус асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна” гэж мэдээлсэн юм.
Тэгвэл дээрх асуудлын талаар Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө. Тэрээр "Архангай аймгийн багш, удирдах ажилчдын ёс зүйн зөвлөл тухайн багшид ямар хариуцлага тооцох тухай шийдвэрээ БШУЯ-нд танилцуулах ёстой. Ёс зүйн дүрмийн хүрээнд хариуцлага тооцохоор ажиллаж байгаа. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар цэцэрлэгийн багш бакалаврын боловсрол эзэмшсэн байх ёстой. Хэрэв цэцэрлэгийн багшийн техникум төгссөн бол бакалаврын зэрэг хамгаалах шаардлага тавьдаг. Архангай аймгийн багш 1987 онд цэцэрлэгийн багшийн техникум төгсөөд, 2008 онд бакалавраа төгссөн хүн байсан. Диплом, баримт бичиг нь хуурамч биш, цэцэрлэгийн багш мэргэжил эзэмшсэн хүн байгаа. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч хоёрын хувьд, үндсэн мэргэжил нь бага ангийн багшаар төгссөн хүмүүс байсан" гэлээ.
Эх сурвалж: eagle.mn
|