Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн төлөвлөгөөнд иргэдийн өгсөн саналын дүн гарлаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 32.230 иргэн санал өгчээ. Иргэдийн саналыг цаасан болон цахим хэлбэрээр авсан бөгөөд цаасан хэлбэрээр 19.323 иргэн санал өгсөн бол 12.998 хүн цахим хэлбэрээр саналаа илгээжээ. Иргэдээс ирүүлсэн саналд тулгуурлан тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэхэд авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэцэрлэгийн хүртээмж, цар тахал, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд тэргүүлсэн байна. Энэ мэтчилэн нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлын жагсаалтыг иргэдийн саналд үндэслэн гаргажээ. Иргэдийн санал, хүсэлтээс гадна хэрэгжүүлэгч агентлаг, яамдын албан хаагчдаас нийт 966 санал авсан. Эдгээр саналын 58 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгасан буюу шийдэлтэй давхацсан, 27 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгах шаардлагатай саналыг ирүүлсэн байна. Үлдсэн 145 санал буюу 15 хувь нь ерөнхий төлөвлөгөөний дараагийн шатанд тусгавал зохилтой саналуудыг илгээжээ. Тусгавал зохистой саналуудад сувилал, урьдчилан сэргийлэх төвүүдийг төлөвлөх, МСҮТ-ийг нэгдсэн кампус байдлаар төлөвлөх, аюултай хог хаягдлын байршил, чадавхыг нарийн тооцож төлөвлөх, ахмад болон хүүхдийн хөгжлийн төвийг төлөвлөх, соёлын өвийн ой санамжийг авч үлдэх шийдлийг тусгах зэрэг чухал саналууд илгээсэн байна.
Үргэлжлүүлэн Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дэлгэрэнгүйг нийслэлийн удирдлагуудад танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын орон зайн төлөвлөлт, ногоон бүс, зам тээврийн сүлжээ, ачаа тээвэр, цахилгаан хангамж, мэдээлэл холбоо, түүх соёлын дурсгалт газрын ашиглалт хамгаалалт, хог хаягдлын менежмент, гамшгийн менежмент, дулаан хангамж, хууль эрх зүй гэхчлэн салбар бүрд судалгаа, тооцоолол хийн, одоогийн нөхцөл байдлыг танилцуулав. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2040 он гэхэд суурьшил, үйлдвэр, ногоон байгууламж, тусгай бүс гэсэн хот байгуулалтын үндсэн бүтэцтэй, төвлөрсөн болон хэсэгчилсэн хангамжтай олон төвт хот болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Хотын нутаг дэвсгэрт олон нийт, орон сууц, нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гудамж, зам, талбайг байгуулах ба хуучныг шинэчлэн сайжруулах талаараа тусган, хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол маш чухал төсөл. Хүн амын нягтаршил, суурьшилтай холбоотой бодлогын бичиг баримтыг холбогдох агентлагууд хамтран нэгтгэх шаардлагатай. Цаашид нийслэлийн удирдлагын баг, хамт олон Улаанбаатар хотыг иргэндээ ээлтэй, иргэн төвтэй, алсыг харсан, ногоон байгууламж ихтэй, олон улсын түвшинд хүрсэн дижитал хот болгон хөгжүүлэхэд анхааран ажиллана” хэмээв. Тус төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулан, НИТХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцуулав
Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/482 дугаар захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм.
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17, нийт 19 аж ахуй нэгж, байгууллагын 1284 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Ажлын өдөрт 950 автобус, троллейбусаар 97 чиглэлд үйлчилдэг бөгөөд өдөрт дунджаар 300-350 мянган зорчигч тээвэрлэдэг. Ойрын гурван жилийн хугацаанд нийт автобусны 75 хувьд нь парк шинэчлэлт хийх шаардлага үүсээд байгаа аж. Сүүлийн жилүүдэд нийтийн тээврээр зорчигчдын хувь, хэмжээ буурч байгаатай холбогдуулан судалгаа хийхэд нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалтын дундаж хурд удааширсантай холбоотой гэх дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийн хэт хуучирсан байдал, үйлчилгээний чанар, соёлын үзүүлэлт болон хот төлөвлөлтийн бодлого дутмаг, автобусны зогсоол руу явган алхаад хүрэх боломжгүй зэрэг нь үүнд нөлөөлөх гол шалтгаан болсон байна.
Ажлын хэсгийн зүгээс нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа парк шинэчлэлт хийх, шугамын орлого төвлөрүүлэлтийг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зэрэг асуудлыг тодорхойлон хэлэлцсэн байна. Мөн Улаанбаатар хоттой ижил төстэй бусад хотын нийтийн тээврийн туршлагыг судалжээ. Ийнхүү нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний ажлын хэсгийнхэн иргэдийн зорчих хөдөлгөөнд судалгаа хийн, хотын тээврийн загвар боловсруулах саналыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Түүнчлэн нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар боловсруулах, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийн ТЭЗҮ-ийг гаргах саналыг дэвшүүлсэн юм. Зөвлөлийн гишүүд Ажлын хэсгийн гаргасан саналыг дэмжин, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг харьяа агентлаг, хэлтсүүдэд даалгалаа.
Нүхэн жорлонг стандартад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчилнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй. Уг үүргийн дагуу мэргэжлийн байгууллагуудад санал тавин, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүргийн гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллогыг хийжээ. Нүхэн жорлонгийн тооллого хийн, мэдээллийн сан үүсгэх ажил наймдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 13-ны хооронд үргэлжилсэн байна. Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллого, бүртгэлийг өндөр нарийвчлалтай сансрын зураг ашиглан зайнаас тандах аргаар тодорхойлоход тус долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон тоологджээ. Тоон мэдээллийг хороо, өрхийн түвшинд нарийвчлан судалсан бөгөөд цаашид дүүрэг, хорооны түвшинд бүрэн ашиглах боломжтой хувилбараар хийсэн байна.
Уг судалгааг үндэслэн Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонг хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөөр нь дөрвөн бүсэд ангилжээ. Тодруулбал, нүхэн жорлон ашиглахыг хориглох шаардлагатай нянгийн бохирдол маш өндөр буюу IV бүсэд 9443, хөрсний бохирдол их буюу III бүсэд 43.377 жорлон бүртгэгдсэн байна. Харин хөрсний бохирдол дунд буюу II бүсэд 71.150 жорлон, харьцангуй бага бохирдолтой буюу I бүсэд 21.022 нүхэн жорлон тоологджээ.
Судалгааны үр дүн нь гэр хорооллын нүхэн жорлонгийн хэрэглээг хязгаарлах, “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага”-ын олон улсын стандартад нийцсэн жорлон суурилуулах, ариутгал халдваргүйтгэл хийн, хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэлэлцүүлсэн уг асуудлын хүрээнд хэд хэдэн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан судалгааны үр дүн, зөвлөмжийг үндэслэн нүхэн жорлон барих, ашиглах, стандартын дагуу шинэчлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шийдвэрийн төслийг боловсруулан танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. Мөн тус судалгааг ашиглаж, мэдээллийн санг баяжуулах, зарим айл өрхийн нүхэн жорлонг стандартын шаардлагад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчлэх ажлыг дүүргийн Засаг дарга нарт өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС