Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г НИТХ-аар хэлэлцэж байна
НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж байна. НИТХ-ын хуралдаан цахим болон танхим гэсэн холимог байдлаар хуралдаж буй юм.
Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх оны төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан” гэдгийг онцлон дурдлаа.
“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн долоон бүлэгтэйгээр боловсруулжээ. “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын өвчлөл, нас баралтыг бууруулж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ.
Арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 74.8 хувь I тунд, 71.3 хувь II тунд, 27.3 хувь III тунд хамрагдаад байна. Нийгэм эдийн засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн орлогыг дэмжих, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд 3662 байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулан ажиллуулсан. Цаашид эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлтэд анхаарч, ариутгал халдваргүйжүүлэлтийг тухай бүр ханган ажилласан бөгөөд цаашид гэдгийг ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлж, сургалт зохин байгуулахаар төлөвлөсөн гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцлон дурдлаа. Тэрбээр НИТХ-ын хуралдаанд “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-нд багтсан цаашид хийж хэрэгжүүлэхээр ажлаасаа танилцуулсан. Засаг дарга болон түүний удирдлагын багийнхан ирэх оны төсөв болоод бусад бодлогын баримт бичгээ танилцуулан НИТХ-ын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулж байна.
НИТХ-ын XI хуралдаан үргэлжилж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС