Д.Сумъяабазар: Зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ

2021 оны 11 сарын 29

Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ.

-2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ.  Нийслэл хотын ажил гэдэг бол цаг наргүй, хүндхэн алба байдаг. Гэсэн хэдий ч бид Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотыг хууль, эрх зүйн болон эдийн засгийн хувьд бие даасан хот болгоход хүчин чармайлт гарган ажиллаж ирлээ. Яг одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын төсвийг НИТХ-ын хороодоор хэлэлцэж байна.

Улаанбаатар хотод 150 мянга гаруй жижиг, том нийлсэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад, төвөг болдог зүйлс олон бий. Ялангуяа цар тахлын хүндрэл, бэрхшээл ар араасаа гарч ирж буй энэ цаг үед бид бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Нийслэлийнхэн маань III тундаа  хамрагдаж, халдварын дараах эдийн засгийн сэргэлтэд бэлдэх шаардлагатай байна. Нэмэлт III тун бол бидний дараа дараагийн хийх ажлын үндэс суурь байх болно. Ирэх хаврын бүтээн байгуулалт өрнөх үеийн бэлтгэл суурь нь эрүүл монгол хүн байх учиртай. Нөгөөтээгүүр, арванхоёрдугаар сарын 15-нд гэхэд зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжих, хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэх юм.  Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эдэлбэр газрын асуудал анхаарал татаж байна. Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүргийг хотын удирдлагын баг хамт олон  хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулан иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.  

Удаах нэг эргэлзээ төрүүлсэн мэдээлэл бол иргэдэд үйлчилдэг төрийн анхан шатны нэгж болох хороог хуваах, шинээр үүсгэн байгуулах асуудал. Одоогийн байдлаар Улаанбаатар хот 171 хороотой. Хуульд нэг хороонд 10  мянга орчим иргэдтэй байхаар заасан. Гэтэл зарим  хорооны иргэдийн тоо 30 мянгад хүрээд байна. Тэдгээр хорооны иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг 340 мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэдийн тоо мөн 400 мянгад дөхөж байна. Хэт ачаалалтай дүүргээ хуваах гэхээр УИХ-ын хэмжээнд шийдэх асуудал болдог. Жил тутамд 35 мянган гаруй иргэн Улаанбаатар хотод шилжин ирж байна. Нэг аймгийн төвийн хүн ам тэр чигээрээ нүүдэллэн суурьшиж буй энэ үзэгдэл хотын ачааллыг нэмэгдүүлж байна. Жил тутамд орж ирж буй 35 мянган иргэн огт төсөвгүйгээр Улаанбаатарт ирдэг гэсэн үг. Энэ бүхнээс үүдэн нэг хорооны иргэний тоог 14-15 мянгаас хэтрүүлж болохгүй гэдэг нь амьдралаас харагдаад байна. Бид иргэндээ үйлчлэх, иргэн төвтэй удирдлагын баг бүрдүүлэн ажиллаж байгаагаа дахин илэрхийлье гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633167
0 эможи

keyboard_arrow_up