БГД ИТХ: Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг уриалж байна
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж байна.
Жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэд олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 2021 оны 12 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Авто тээврийн үндэсний төвийн салбарын инженер, техникийн ажилтнуудтай хамтран зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Н.Ариунтөгс:
"Өнөөдөр шалгалт гэхээсээ илүү зөрчил арилгах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, өвлийн дугуйн хяналт хийх, авто машинаас ялгарч буй хорт утааг хэмжих зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллалаа. Жолооч нар нөлөөллийн үйл ажиллагааг дэмжин, тээврийн хяналтын газрын үзлэг оношлогоонд хамрагдаж, зөрчлөө арилгаж хөдөлгөөнд оролцож байна. Бусдын болоод өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс жолооч та авто замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүсийг тогтмол хэрэглэж занших, улирлын онцлогт тохируулан авто машиныхаа дугуйг сольж байх, тодорхой хугацаанд авто тээврийн үзлэг, оношлогоонд заавал хамруулж байх хэрэгтэй" хэмээн хэллээ.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн харилцан бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг БГД-ийн ГХУСАЗСЗ-өөс уриалж байна.
Шалгалтаар:
- МУ-ын ЗХД-ийн 4-р хавсралтын 3-р зүйлийн 3.1-д заасан тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ заасан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн
- Мөн хавсралтын 4-р зүйлийн 4.1-д заасан Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014, стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа хаялт ихтэй/
- Мөн хавсралтын 4-р зүйлийн 4.4-д заасан Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /бүдүүн яндантай/
- Мөн хавсралтын 5-р зүйлийн 5.2, 5.3-д тус тус заасан Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, өнгөт халь наасан, гэрэл асахгүй болсон
- Мөн хавсралтын 6-р зүйлийн 6.6-д заасан урд салхины шил хагарсан, цуурсан, бохирдсон, 6.7-д заасан хаалга тэвшний түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж нээгдэхгүй болсон
- Тээврийн хэрэгслийн тэвшин дээрх улсын дугаарын бичиглэл үндсэн өнгөнөөс ялгаж бичсэн эсэх, улсын дугаарыг буруу байрлуулсан, улсын дугаарыг нуун далдалсан.
- Тусгай төхөөрөмжөөр хазайлгасан хуурамч улсын дугаар зүүсэн зэрэг зөрчил илэрч байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.