Б.Бямбадорж: Үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх УРИАЛГА ДЭВШҮҮЛЖ байна
НОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар мэдээлэл хийх үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “ Судалгаа хийж үзэхэд коронавирусийн энэ үеийг цар тахалгүй өмнөх үетэй харьцуулахад дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэх иргэдийн тоо 125 хувиар, автобусны буудал хооронд зорчих иргэд 63 хувиар, барааны дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэх хөдөлгөөн 33 хувиар нэмэгдсэн байна. Энэ бол цар тахлын энэ үед байх ёстой үзүүлэлт биш. Хүмүүсийн хөдөлгөөн их байна.
Аль болох олон хүнтэй газраар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй байна. Мөн бид амны хаалтыг буруу зүүж байна. Амны хаалтаа халаас руугаа хийж бохирдуулж байна. Мөн 5-6 хүнтэй уулзсан бол уулзсан хүний тоогоор солих хэрэгтэй. Бусад улс орнуудын туршлагаас харахад хувь хүн өөрийгөө халдвар аваагүй гэдгээ янз бүрийн аргаар илэрхийлж байна. Жишээлбэл, улаан өнгийн бугуйвч зүүж байна. Тэгвэл бид ч мөн үдээс өмнө цагаан өнгийн амны хаалт, үдээс хойш хөх өнгийн амны хаалт зүүж зөв хандлагыг үүсгэх уриалгыг дэвшүүлж байгаа" гэлээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “ДЭМБ-аас Монгол Улсад ажилласан ажлын хэсгийнхэн монголчууд амны хаалт зүүж хэвшсэн гэж үнэлж байсан. Гэтэл бид амны хаалтыг зүүх буруу дадлыг өөртөө хэвшүүлсэн байна. Хүн харахад амны хаалттай боловч халаасандаа хийсэн, бохирдсон, удаан хугацаанд солиогүй амны хаалт зүүж байна. Мөн өдөр тутмын нийгмийн харилцааны явцад буюу ажил дээрээ кофе уух, хууч хөөрөх зэрэгт амны хаалт зүүхгүй байна. Гэрээс бусад газар байнга амны хаалт зүүх хэрэгтэй. Олон улсад хүн өөрөө өөрийгөө халдваргүй гэдгээ илтгэсэн янз бүрийн арга хэмжээ авч байна. Жишээ нь улаан өнгийн бугуйвч зүүснээр өөрийгөө халдваргүй болохоо батлаж байгаа юм. Бидний зүгээс үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх уриалга дэвшүүлж байна” гэсэн юм.