Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэд 7 жил гэр оронгүй амьдарч байна гэв
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан ч газраа алдаж хохирсон иргэд өнөөдөр /2021.09.29/ мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд газраа чөлөөлсөн иргэн "Манайх “Гранд Лайн” ХХК-д 2014 оны зургадугаар сарын 4-нд газраа чөлөөлж өгсөн. Үүнээс хойш долоон жилийн турш би настай ээж, хүүхдүүдтэйгээ орох оронгүй явна. Энэ асуудлыг даруйхан шийдэж өгөхгүй бол нөхөн сонгуульд нэр дэвшиж буй Э.Бат-Үүлийн сонгуулийн уулзалтад очиж өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлнэ.
Өдийг хүртэл байшин ч үгүй, байр ч үгүй, хашаа ч үгүй явж байна. Гранд Лайн компанийн захирал нь Чулуудай буюу Э.Бат-Үүлийн хүү юм билээ. 2020 онд гуравдугаар шатны шүүхээр гарсан энэ компани нь иргэдийг хохироосон нь үнэн зөв болох нь тогтоосон байхад өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулахгүй. 12 дугаар хорооноос 48 өрх өнөөдөр орох оронгүй явж байна. Хариуцлагаа хүлээ. Ингэж ард иргэдийг хохироож, улс төрийн наймаа хийдгээ болимоор байна. Болохгүй бол суулт зарлана” гэв.
Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн "Гранд лайн" ХХК-тай 2013 онд гэрээ хийгээд газраа чөлөөлж өгсөн. Үүнээс хойш найман жилийн турш байр, хашаа байшин ч үгүй явна. Очоод амьдрах гэхээр байшингийн хоосон суурь л байна. Гурван шатны шүүхээр "Гранд Лайн" ХХК иргэнийг хохироосон гэдгийг 2020 онд тогтоосон. Гэтэл одоог хүртэл хохирол барагдуулаагүй энэ компанид маш их гомдолтой байна гэсэн юм.