Хөл хорионы үеэр “хөлдсөн” зам засварын ажил намраас өмнө дуусах болов уу?
Жил бүрийн есдүгээр сард цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлж, эцэг эхчүүд, оюутан сурагчдын хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Яг үүнтэй зэрэгцэн сэхээ орж, ажилдаа ханцуй шамлан ордог салбар нь автозам засварын компаниуд байдаг. Иргэдийн амралт, зугаалга дуусаж, ажилдаа орж эхэлтэл, зам засварын албаныхны ажил дөнгөж эхэлдэг хэвшилтэй. Намрын ид ажлын үеэр түгжрээнээс гадна иргэдийг бухимдуулдаг нэг асуудал нэмэгддэг нь зам засвараас үүдэн зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах явдал юм. Тиймээс “Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё” хэмээн “Зууны мэдээ” сонин өмнө нь бичиж байв. Энэ жилийн тухайд ч асуудал дахин сөхөгдлөө. Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 26 хувьд нь их засвар хийх, 38 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байгааг албаныхан мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн төв зам төдийгүй хэд хэдэн газарт зам засвар болон шугам сүлжээг засах ажил үргэлжилж байгаагаас үүдэн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байна. Учир нь цар тахлын тархалтаас үүдсэн олон сарын хөл хорио болон наадмын олон хоногийн амралтаар хотын хөдөлгөөн бага үед зам засварын ажлаа дуусгах хангалттай их цаг хугацаа байв. Гэтэл иргэдийн амралт дуусч, ажилдаа орж ирж эхлэх үе буюу долдугаар сарын сүүлээс зам засварын ажил дөнгөж эхэлсэн нь түгжрэлийг асар их нэмэгдүүлж олон нийтийн бухимдах гол шалтгаан болсон юм.
Одоогийн байдлаар Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 08-ныг хүртэл хязгаарлаад байна. Энэ хугацаанд 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэлийг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн юм. Үүнээс өмнө Баруун 4 замын хашлагыг солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын хэмжээнд хүртэл өндөрлөх, авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучихын тулд долдугаар сарын 23-26 хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Хамгийн урт хугацаанд буюу нэг сар орчим үргэлжлэх зам засварын ажил ч бас байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VI хороо 21-р байрны арын зам Саруул төвийн араас зүүн тийш Нарантрэйдийн агуулахын ар тал хүртэл 190 метр газар орон сууцны хороолол дундах авто зам болон явган замын гурван хэсэг газраар сэтэлж ухаж дулааны шугамыг өргөтгөх ажлыг долдугаар сарын 26-нд эхэлсэн. Засварыг энэ сарын 22-ны дотор дуусгана гэж мэдэгдсэн. Үндсэндээ тус засварын үйл явц сар орчим үргэлжилнэ гэсэн үг. Хоёр, гурван хоног бус бүхэл бүтэн 30 хоног үргэлжлэх зам засварын ажлыг урин дулаан цаг буюу хавар эрт эхэлсэн бол өдийд иргэд хэвийн байдлаар зорчих байв.
Үүнээс гадна наадмын амралт дууссаны дараа хэд хэдэн зам засвар хийн, шинэ сартай уралдан замын хөдөлгөөнийг нээсэн билээ. Тухайлбал, Толгойтын төв замаас Улаанчулуутын авто замд асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ хийхийн тулд долдугаар сарын 30-наас энэ сарын 1-нийг хүртэл хаав.Баянгол дүүргийн XII хороо Хасбаатарын гудамж, Өргөө кинотеатрын хойд уулзвараас Энхбаярын автозамын уулзвар хүртэлх цэвэр усны шугамын ажлыг хийхийн тулд долдугаар сарын 27-нд зам хаан, даваа гарагт нээлээ. Мөн Маршалын гүүрийн хэв гажилтын заадасыг засахын тулд долдугаар сарын 29-нөөс энэ сарын 2 хүртэл замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан юм.
Энэ жилийн тухайд Улаанбаатар хот дөрөв болон тавдугаар сард хөл хорио тогтоосон, зөвхөн тусгай эрхтэй машинууд зорчиж байсан билээ. Тиймээс ч энэ тохиромжтой цаг үеийг ашигласангүй хэмээн иргэд дургүйцэж байгаа юм. Харин Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас үүнийг “Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор томоохон уулзваруудад засварын ажил хийж байна” хэмээн тайлбарласан юм. Мөн ачааны автомашинууд даацаа хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцосноос үүдэн авто замын зорчих хэсэгт дугуйн мөрний ховил үүсэх, суурь бүтцэд нөлөөлөх, тэгш хэмийг алдагдуулан авто замд эвдрэл, гэмтэл гарах нөхцөлийг бүрдүүлдэг гэж мэдэгдсэн.Чухамдаа авто замын урсгал засвар болон өргөтгөл шинэчлэлтийг стандартын дагуу хийдэг ч ачааны машинууд энэ стандартын зөрчдөг хэмээн тайлбарласан юм.
Дулааны шугам, сүлжээг солиход 350 тэрбум төгрөг зарцуулна
Үүнээс гадна дулааны шугам сүлжээг засварлаж байгаа нэрийдлээр зуны саруудад халуун усыг тасалдаг нь улсынхаа хамгийн хөгжил сайтай, дэд бүтэц нь төвлөрсөн хотод амьдарч байгаа нийслэлийнхний хувьд эмгэнэлт дүр зураг юм. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хэмжээнд хүрсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа юм.
Энэ жилийн тухайд X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчлэхээр ажиллаж байна. Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд өдгөө 24 жил болж байгаа учир ашиглалтын хугацаа дууссан юм. Тиймээс өнгөрсөн өвөл 3-4 удаа том осол гарч, засварлаж байсан. Иргэдийн хувьд ажил удаашралтай байна гэж шүүмжилж байгаа боловч энэ удаагийнх урсгал засвар бус, бүрэн шинэчлэн сольж байгааг албаныхан тодотгосон юм.
Энэ тухай “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн шинэчлэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай үргэлжил байна. Бид есдүгээр сарын 15-н гэхэд халуун ус өгч, аравдугаар сарын 15-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэлтэй асуудал нь турба саатсан. Нийт 600 тонн гаруй турба Эрээнд байгаа. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон зайлшгүй шаардлагатай. Төлөвлөгөөгөөр наймдугаар сарын 1-н гэхэд турбагаа угсарч эхлэх ёстой байсан. Гэвч 7-10 хоногоор саатах нөхцөл байдал үүсээд байна. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажилласан” гэв.
Ийн хөл хорионы үеэр “хөлдсөн” зам засвар болоод шугам сүлжээний ажил намраас өмнө дуусах нь эргэлзээтэй байна. Гэвч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газарт даалгалаа. Мөн тэрбээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлыг наймдугаар сарын 20-ны дотор дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин