П.Батсайхан: 190 метр шугам сүлжээг ХОНГИЛЫН СИСТЕМД шилжүүлсэн бөгөөд цаашид энэ ажлыг үргэлжлүүлнэ
“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар“-ын Баруун түгээх төвийн дарга П.Батсайхантай ярилцлаа.
-Сайн байнуу таньд энэ өдрийн мэнд хүргэе. Та хэзээнээс энэ ажлыг эрхэлж байна вэ. Нийслэлийн орон сууцны байруудын ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг ажлынхаа талаар ярилцах уу.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Баруун түгээх төвийн даргын ажлыг 2019 оны 11-р сараас эхлэн гүйцэтгэж байна. Орон сууц нийтийн аж ахуйн байгууллага нь 1947 онд анх байгуулагдсан 74 жилийн түүхтэй байгууллага. 2014 оны 10 дугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 69 тогтоолоор Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар одоогийн бүтэц зохион байгуулалтаар өөрчлөгдөж ажиллаж эхэлсэн байгаа юм.
Манай Баруун түгээх төв нь Сонгинохайрхан болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ус дулаан дамжуулах 48 төв, 877 дулааны болон ариутгах татуургын худаг, 238,43 км у/м шугам сүлжээний бүрэн бүтэн байдалд өдөр тутам хяналт тавьж ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг. Тус төв нь өөрийн эзэмшлийн үйлчлэх хүрээнд ус дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, инженерийн гадна шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээг чанартай хийх, найдвартай ажиллагааг хангах, гэмтэл саатлыг шуурхай засварлан тоног төхөөрөмжийн ашиглалтын түвшинг дээшлүүлэн ажиллах үндсэн үүрэгтэй.
-Нийслэлийн иргэд оршин суугчдын тав тухтай амьдрах баталгааг хангаж ажиллана гэдэг хүнд хэцүү хариуцлагатай ажил шүү.
Тиймээ маш хариуцлагатай ажил. Иргэд оршин суугчдын ая тухтай амьдрлын төлөө 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
Манай төв нь 176 ажилтантай. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэмжээнд томоохон байгууллагуудын нэгэнд тооцогддог. 90 хувь нь эрэгтэй ажилтан байдаг ба мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын туршлагатай ажилтнууд ажиллаж байгаа.
Хариуцсан инженерийн гадна шугам сүлжээг нутаг дэвсгэрээр нь задалж хэлвэл СХД, ЧД, БГД-н 3, 4, 10, 1, 21-р хороолол, Москва, 5 шар, Төмөр зам, Ханын материал, Орбит, Баянхошуу, Цэргийн хотхоны нийт 48 Ус дулаан дамжуулах төв, 41 цахилгааны ерөнхий шит, дулааны 80648 у/м, хэрэгцээний халуун усны 71410 у/м, хэрэгцээний хүйтэн усны 35705 у/м, ариутгах татуургын 50676 у/м нийт 238,43 км гадна инженерийн шугам сүлжээ, ариутгах татуургын худаг 585 ширхэг, дулааны 292 ширхэг нийт 877 ширхэг худаг камерийн ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн найдвартай ажиллагааг хангаж, хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд инженер техникийн шийдлийг тодорхойлон хяналт тавин ажилладаг юм.
2020 онд 3,4 км урт метр гадна инженерийн шугам сүлжээний засварын ажлыг төвийнхөө хэмжээнд хийсэн. Орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээ нь хуучирч муудсан насжилттай шугам сүлжээ байдаг тул жил бүр хагарч цоорох гэмтэлүүд байнга гарч байдаг. Энэ бүхэнд манай хамт олон шуурхай засварлан ажилладаг.
Танай байгууллагын ажлын үр дүнг тооцдог, үүрэг чиглэл өгдөг дээд байгууллага ямар байгууллага байдаг вэ?
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар манай удирдах дээд байгууллага. Манай түгээх төвтэй ижил үйл ажиллагаа явуулдаг Зүүн түгээх төв, Төв түгээх төв гээд 2 түгээх төв байдаг.
Мөн 6 дүүргийн хэмжээнд 16 хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байгаа. Нийт 19 салбар төвийн ажлыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар удирдан чиглүүлж нэгдсэн бодлого, санхүүжилтээр ханган ажилладаг.
Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж Улаанбаатар хотын мянга мянган оршин суугч, хэрэглэгчдийг ус дулаанаар хангах үйлчилгээг үзүүлж ирсэн мэргэжлийн томоохон байгууллага юм.
Нийслэлээс тус байгууллагын үйл ажиллагаанд ямар байдлаар оролцдог вэ?
Манай байгууллагын хариуцан ажилладаг инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж нь нийслэлийн өмчид бүртгэлтэй байдаг. Иймд жил бүр нийслэлийн төсөвийн хөрөнгө оруулалтаар их засварын тодорхой ажлуудыг тусгаж хийлгэдэг. Өмнөх жилүүдэд нийслэлийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн нэлээд ажил хийгдсэн. Сүүлийн жилүүдэд өөрийн хөрөнгөөр шугам сүлжээ болон техник тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийн ажлуудыг хийж байна. 2021-2022 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон ажлуудын саналыг Нийслэлд хүргүүлсэн байгаа.
Иргэдэд хүрч үйлчилсэн иргэдээс талархал хүлээсэн бүтээлч ажлуудаасаа нэрлэнэ үү?
2011 онд Түгээх сүлжээ төсөл хэрэгжиж хонгилын систем гэж маш том ажил хийгдсэн байгаа. Энэ ажил бол Оршин суугчдын талархал хүлээгээд зогсохгүй нийслэлийн тохижилтонд нөлөөлсөн томоохон ажил болсон юм.
Хонгилын систем гэдэг нь газар доорх инженерийн шугам сүлжээг хонгилд шилжүүлж 190 м урттай хонгилыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан.
1140 у/м шугам сүлжээг засварлахын тулд газар ухаж зардал чирэгдэл гаргахгүй, хороолол доторх зам талбайг эвдэж сүйтгэхгүй их ач холбогдолтой ажил даа. Ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын талбай болон авто зам байрлах боломжтой. Хонгилын системийг сүүлийн жилүүдэд багасгасан хэлбэрээр хагас нэвтрэх сувгийн байгууламжаар хийж эхлээд байгаа.
2019 оноос эхлэн зарим Ус дулаан дамжуулах төвүүдэд Scada системийг суурилуулсан. Үүний үр дүнд Ус дулаан дамжуулах төвийн халаалт, хэрэгцээний халуун ус, ус хангамжийн горим параметрийг орчин үеийн мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж бүртгэж, хянаж ажиллах нөхцөл бүрдэж байна.
Мөн хэрэглэгчийн тав тухтай байдлыг хангахын тулд ирсэн гомдол, хүсэлтийн учир шалтгааныг зөв тодруулж арга хэмжээг түргэн шуурхай авах бүрэн боломжтой болсон. Энэ онд мөн үргэлжлүүлэн 3 Ус дулаан дамжуулах төвд Scada систем суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна
Орон сууцны салбарт хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.