ТАЛАРХАЛ: Цар тахлын хүнд үед иргэдээ дааруулалгүй, ус ундаар таслалгүй зүтгэсэн ОСНААУГ-ын хамт олонд БАЯРЛАЛАА

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хэд хэдэн удаа тогтоолоо. Бид урьд өмнө нь учирч байгаагүй, үзэж туулаагүй шинэ нөхцөл байдалтай нүүр туулж ажиллалаа. Мөн энэ сарын 08-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаа.

Өнгөрсөн хугацаанд эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллалаа. Мэдээж, энэ бол тэдний сонгосон мэргэжил, тангараг өргөсөн ажил. Гэхдээ энэ нь бас тэдэнд талархлаа илэрхийлэхгүй байж болно гэсэн үг биш.

Үүнээс гадна энэ хотын иргэдийг тав тухтай амьдруулахын төлөө зүтгэдэг өөр нэг “эмч” нар байгааг бид мартаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, бидний хэлж заншсан “орон сууц конторынхон”-д онцлон талархмаар санагдлаа гэж нэгэн иргэн фэйсбүүк хуудсанаа сэтгэгдэлээ бичсэн байна.

Тэрбээр  "Монголд анх Ковид бүртгэгдсэнээс хойш асар хүнд нөхцөлд өдөр шөнө, цаг нарыг мартан ажилласан ЭМЧ, ЦАГДАА, ОНЦГОЙГИЙН албан хаагчиддаа иргэд бид итгэл, сэтгэл, талархал дүүрэн байгаа. Харин энэ удаа тэдний нэгэн адил байнгын бэлэн байдалд ажиллаж, хүн амын тал илүү нь амьдардаг Нийслэл хотынхоо гол хүч болж, биднийг дулаан бүлээн байлгаж ирсэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, бидний хэлж заншсан “орон сууц конторынхон”-д онцлон талархмаар санагдлаа.

Энэ хотын 2139 орон сууцны байрны 111 мянга гаруй айл өрх /365 мянга гаруй оршин суугчид/, 9 мянга гаруй албан байгууллагын цэвэр бохир, халуун хүйтэн, усны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ус дулаанаар таслалгүй өнтэй өвөлжүүлжээ.

Нүдэнд харагдахгүй, таамаглах, төлөвлөх аргагүйгээр шугам хоолой элэгдэж муудна, хагарна цоорно. Хэрэглэгчид бидний хэнэггүй болгоомжгүйг хэлэх үү.

Бөглөрөхөөс эхлээд байдаг л нэг жижиг асуудал мэт боловч өвлийн хүйтэнд айл өрх, байр хотхоноор нь хүнд байдал оруулж болох эрсдэл бүхий олон асуудал байнга гардаг ч орон сууц конторынхон маань цар тахлын хүнд үед иргэдээ дааруулсангүй, ус ундаар тасалсангүй урин дулаантай золгууллаа. 

Тэд бол энэ хотын иргэдийг тав тухтай амьдруулахын төлөө зүтгэдэг өөр нэг “эмч” нар юм.

Газар доорх хотын зүрх судас болсон инженерийн байгууламжийг эмчлэх, аврах их үйлсийн төлөө 1600 гаруй хүн ажиллаж байна. 

Улс төржиж талцсан утгагүй хэрүүлээр дүүрсэн цахим орчинд бухимдаж суухын оронд бидний төлөө сэтгэл гарган ажилладаг инженер техникийн ажилтнуудаа урамшуулж, тэднийг ажлаас буух, ээлжээс ирэхийг нь хүлээн суугаа гэр бүл, үр хүүхдүүдэд талархлын халуун дулаан үгсээ илгээж яагаад болохгүй гэж.

Бид нэгнээ дэндүү их шүүмжлэн ташуурддаг болж. Хүнд урам, моринд ташуур гэдэгсэн...

Хийх ёстой ажлаа хийсэн хүмүүсийг магтах албагүй ч гэсэн хүн хүндээ харамгүй өгч чадах, багагүй баярлуулж чадах зүйл бол хайр, урам, талархал, инээмсэглэл юм...

Халуун дулаан сэтгэлтэй, хөдөлмөрч хамт олонд та бүхэнд БАЯРЛАЛАА." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626762
2 эможи

keyboard_arrow_up