ТОДРУУЛГА: Нийслэлийн 1,100 цэгт 3,300 гаруй төрийн албан хаагчид хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байна
Хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөхцөл байдлыг бид өнөөдөр СХД-ийн 2 дугаар хороо 32-ын автобусны буудлаас шууд дамжууллаа.
Цагдаагийн байгууллагаас ч өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 1,100 цэгт 3,300 орчим төрийн албан хаагчид гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж хорио цээрийн дэглэм сахиулах үүрэг гүйцэтгэж байна.
Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар бид үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаас тодрууллаа.
"Зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагууд ажилтнуудынхаа ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн өгөх, өмнөх тодорхойлолтоо хурааж авах зэрэг зохицуулалтыг хийх хэрэгтэй"
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Эрдэнэцэцэг "Хөл хорионы үед нэмэлтээр дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн хувьд дийлэнх хувь нь ухамсартайгаар бичиг баримтаа шалгуулан замын хөдөлгөөнд оролцож байна. Нэг зүйлийг анхааруулж хэлбэл зарим зорчигчид маань байгууллагынхаа хуучин тодорхойлолтоо үзүүлэх асуудал их гарч байна. Тиймээс хөл хорионы үеэр зөвшөөрөгдсөн 15 байгууллага, аж ахуйн нэгжээс алба хаагч, ажилтнуудынхаа ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн өгөх, өмнөх тодорхойлолтоо хурааж авах зэргээр зохион байгуулалтын ажил дээр анхаарах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол хуучин тодорхойлолтоо ажлын өөр хүн дамжуулах зэрэг асуудлууд гарч байна. Тухайн хүн үнэхээр ажилтай байгаад байдаг. Гэтэл тодорхойлолтын хугацаа нь дууссан зэргээр алба хаагчид иргэдийн дунд үл ойлголцол үүсэж байна. Нийт зорчигчдын 10 хувь нь хүндэтгэх шалтгаангүй явж байна. Эдгээр иргэдийн бичиг баримтыг шалгаж, гэрлүүлгээ буцаах зэрэг арга хэмжээ авч байна.
Энэ онцгой цаг үед албан байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлж гэр гэртээ байгаа та бүхэндээ талархал илэрхийлж байна. Мөн гадуур явах шаардлагатай иргэд аль болох халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг хүсье." гэлээ.
Нийтийн тээврийн шалгагч ажилтнууд "Автобусны буудлуудад ТҮЦ ажиллахгүй байгаа энэ үед пост машин ажилуулж байна. Энэ иргэдэд их хэрэгтэй болж байна. Бидний зүгээс автобусны болгонд шаардлага тавьж, нэг автобусанд 30-аас дээш хүн суулгахгүй зэрэг арга хэмжээ авч, автобусны буудал гэхэд 2-3 шалгагч, нэг пост машинтай ажиллаж байна. Харин хүмүүсийн хөл хөдөлгөөн бол өглөө оройдоо их байна. Цагдаа, цэргийн зохицуулагч нар ажиллаж байгаа учраас иргэд бичиг баримтаа шалгуулаад хүн хоорондын зайгаа бариад автобусанд сууж дэглэмээ сайн баримталж байна.
Хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-ны өдөр сулруулах бөгөөд иргэд үүргээ сайн биелүүлж байгааг цагдаагийн байгууллагаас хэллээ. Зөрчил гаргасан иргэдэд сануулаад өнгөрч байгаа ч цөөн тооны иргэд энэ мэт шаардлага биелүүлэлгүй, дэглэм зөрчих, цагдаагийн биед халдах үйлдэл гаргасаар байгаа аж. Тиймээс үлдсэн хоногуудад нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг хүслээ.
Тээврийн цагдаагийн албанаас QR код зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгохыг анхаарууллаа.
- Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол
- Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд QR кодыг байршуулж ашигласан бол
- Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол
- Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол
- Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол
- Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол QR кодыг хүчингүй болгоно.
ШУУД ҮЗЭХ: