718 СӨХ-д шалгалт хийхэд 39.5 хувь буюу 284 нь бүрэн хангалттай гэсэн үнэлгээг авчээ
Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар сууц өмчлөгчдийн холбоо болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай дэд бүтцийн чиглэлээр дүрэм, журмын төсөл боловсруулах судалгааны Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажиллаж байна.
Уг Ажлын хэсэг хуралдаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба, ОСНААУГ-т ирсэн СӨХ болон хувийн өмчийн ОСНАА-н конторуудтай холбоотой өргөдөл, гомдол болон эдгээр байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 1200 гаруй СӨХ бүртгэлтэй байгаагаас 895 нь Дээд зөвлөлд гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албанаас 2021 оны эхний улиралд 718 СӨХ-д хяналт шалгалт хийхэд 39.5 хувь буюу 284 нь бүрэн хангалттай гэсэн үнэлгээг авсан байна. Иргэдээс зарим конторууд төлбөрөө бэлнээр авдаг, алданги тооцох, хэрэглээний халуун усыг хязгаарладаг, ажилчдын харилцаа муу, СӨХ-ны үйл ажиллагаа хангалттгүй зэрэг гомдол ирдэг байна. ЕRP системд 2020 онд нийт 196 өргөдөл ирснээс 84 хувь нь орон сууцны контортой, дөрвөн хувь нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой байжээ.
Ажлын хэсгийн гишүүдээс СӨХ-ны ажилчдыг чадавхжуулах, эзэнгүй айлд ус алдсан, нийтийн эзэмшлийн босоо шугам солих тохиолдолд тухайн айлыг олох, айл өрхүүдийг бэлэн байлгах ажлыг СӨХ бүрэн хариуцах, хувийн өмчийн ОСНАА-н конторуудыг газар нутаг, үйлчлэх хүрээний радиусыг журамлаж олгох санал гаргалаа.