БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх “хөл хорио“-нд орсон ажилтнаа халсан тушаалыг ХУУЛЬ БУС гэжээ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх тушаал гаргаж, тус дүүрэгт олон жил ажилласан жолоочийг ажлаас нь халжээ.
Тодруулбал, Тус дүүргийн аж ахуйн албанд 2013 оноос хойш жолоочоор ажиллаж буй Ж нь 2020 оны 11 сард хөл хорио тогтоохоос хоёрхон хоногийн өмнө даргаасаа гурван хоногийн чөлөө авч, ажлаар хөдөө явжээ. Гэтэл чөлөө авснаас хоёр хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-нд улсын хэмжээнд хөл хорио тогтоосон байдаг. Үүнээс бол жолооч ажилтай Ж нь 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Дорнод аймгаас гарч чадахгүй болж, аймгийн онцгой комиссоос тодорхойлолт аваад ажил руу явуулсан байжээ.
Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн тушаалаар ажлын байраа удаан хугацаанд, шалтгаангүйгээр хаяж явсан гэсэн үндэслэлээр жолооч Ж-г ажлаас чөлөөлсөн байна.
Улс даяар гарсан УОК-ийн шийдвэрээс болж хохирч, ажилгүй болсон Ж нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдаан өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр болж, иргэн Ж-г ажлаас чөлөөлсөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн тушаалыг хууль бус гэж үзсэн байна.