Орос-Монголын хамтарсан их сургууль байгуулах төслийн тухай санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Сумьяабазар “Улаанбаатар хот 1957 онд Москва хоттой ах дүүгийн харилцаатай болсон.
Түүнээс хойш Новосибирск, Эрхүү, Улаан-Үд, Казань зэрэг 10 гаруй хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаа тогтоон, хамтран ажиллаж, харилцан туршлага судлан, олон бодит үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Хоёр улсын хамтын ажиллагаанд боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг.
Иймд ОХУ-тай боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Цаашид хоёр улсын уламжлалт найрамдалт харилцаа, хотуудын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Элчин сайд И.К.Азизов энэ оны 11 дүгээр сарын 5-нд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн үеэр Улаанбаатарт “Москвагийн өдрүүд”-ийг зохион байгуулах боломжтойг онцлоод, Улаанбаатар хотноо Орос-Монголын хамтарсан их сургууль байгуулах төслийн тухай санал солилцов.
Мөн ОХУ-д бүтээсэн коронавирусний эсрэг 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодог "Спутник V" вакцины талаар танилцууллаа.