Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.СЭМЖИДМАА “Багшаа дэмжье -Цахим хичээлийн DATA“ УРИАЛГА гаргалаа
Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна. Дотоодод халдвар бүртгэгдсэн өдрөөс эхлэн ЕБС болон цэцэрлэгүүдийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд УОК-ын 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн ЕБС, цэцэрлэгийн II улирлын хичээл цахимаар хичээллэж эхэлсэн. Тэгвэл БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Багшаа дэмжье -Цахим хичээлийн дата” уриалга гаргалаа.
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа:
“Миний бие боловсролын салбарт ажиллаж байсан бөгөөд цар тахлын эдгээр өдрүүдэд сурган хүмүүжүүлэгч багш нарын ажилд дэм үзүүлэх зорилгоор “Багшаа дэмжье-Цахим хичээлийн дата” уриалгыг орон даяар гаргаж байна. Энэ уриалгын эхлэл болгож миний бие тойргийнхоо 113-р сургууль, 133-р цэцэрлэгийн 91 багшид хувийн зардлаар нэг сарын интернет эрх болох 8GB дата эрхийг бэлэглэсэн. Уриалгыг маань дэмжиж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр нь БГД-ийн 40-р сургууль, Сэтгэмж цогцолбор сургуулийн 150 багшид нэг сарын дата эрх бэлэглэж, 4100 хүүхдийн сурах үйлсэд дэм үзүүлсэн бол Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн 50 багшид мөн нэг сарын дата эрхийг бэлэглэлээ. Энэ богино хугацаанд олон хүүхдийн сурах эрхийг хангахын төлөө уриалгад нэгдсэн, нэгдэх гэж байгаа иргэд, ААН-үүдэд талархал илэрхийлж байна. Энэхүү уриалгыг маань Улсын их хурлын гишүүд, НИТХ төлөөлөгч, дүүргийн төлөөлөгчид, албан байгууллагууд, иргэд, эцэг эрчүүд, үүрэн операторын компаниуд улсын хэмжээнд дэмжиж ажиллахыг хүсч байна. Бидний ирээдүй хойч үеийг бэлтгэж буй багш, сурган хүмүүжүүлэгч нартаа нэг сарын дата эрхийг нь бэлэглэж, тэднийхээ хичээнгүй хөдөлмөрийг нь үнэлээсэй.
2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч, 32085 багштайгаар ерөнхий боловсролын 820 сургууль үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд БАЯНГОЛ дүүргийн хувьд ЕБС-ийн 2382, СӨБ-ын 613 нийт 2995 багштай байна. Цахимаар хичээллэх нь багшийн ачааллыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа аж.