БЗД-ийн “X апартмент” байрны голомт хамгийн идэвхтэй байна
Нийслэлд дөрвөн голомт идэвхтэй үргэлжилж буйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Сүүлийн дөрөв хоногт БЗД-ийн 8 дугаар хорооны “X апартмент” байрны голомт хамгийн идэвхтэй байна. Тухайн байранд өргөжүүлсэн тандалтаар нийт 560 хүнд шинжилгээ хийхэд найман хүн халдварт өртсөн нь батлагджээ.
Мөн Наркологийн төв эмнэлэгтэй холбоотой голомт идэвхтэй байгаа бөгөөд хоёр хүн өвчилснөөс тэдний гэр бүл, найз нөхөд долоон хүнээс халдвар илэрчээ. Түүнчлэн Микс пиццаны газрын ажилтан өвчилсөн тул өргөжүүлсэн тандалт явуулахад зургаан хүн халдвартай нь тогтоогдсон байна.
БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт үргэлжилж байгаа аж.
НЭМГ-аас эдгээр голомтод байршлаар нь шинжилж өчигдөр 2000 гаруй хүний шинжилгээг лабораториудад хүргүүлжээ. Эдгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1163 хүн байгаа бол хоёрдогч хавьтал 7220 хүн байгаа аж.