Улаанбаатар, Минск хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өчигдөр Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумьяабазар хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашид хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого чиглэлд нийцэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэйгээ уламжлав.
Харин БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Станислав В.Чепурной Монгол Улсын Засгийн газар, БНБУ-ын Засгийн газар хооронд байгуулсан "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт оруулан, төсөл хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх хүслээ илэрхийлэв.
Энэ төслийн хүрээнд Улаанбаатар лифт ОНӨТҮГ нь Беларусийн "Могилёвлифтмаш" ХХК-тай хамтран ажиллаж "Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх төсөл"-ийн эхлэлийг тавиад байгаа юм.
Талууд Улаанбаатар, Минск хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж шинэ шатанд гаргахын тулд ах дүү хотуудын найрамдалт харилцааны түвшинд хүргэхээр харилцан тохиролцов.
Харилцааг идэвхжүүлэх хүрээнд хотын удирдлагуудын харилцан айлчлалыг зохион байгуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, мэдээллийн технологи, инноваци, хот тохижилтын чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулан мэргэшил дээшлүүлэхэд харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо.