НМХГ: Үйл ажиллагаа нь нээгдсэн газрууд зөрчил гаргавал торгохгүйгээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
Нийслэлд хөл хорионы дэглэмийг сулруулж үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүдийг нээсэнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, QR кодын хэрэглээг хэвшүүлэх, халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хяналт шалгалтыг явуулж байна.
Шалгалтын үеэр үйл ажиллагаа нь нээгдсэн газруудын халдвар хамгааллын дэглэмийг хангасан байдлыг шалгаж, зөрчил гаргасан тохиолдолд торгохгүйгээр зөрчлийг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
Олон нийтийн сүлжээнд түгээд буй үсчний газарт торгууль ноогдуулаад явсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Харин удаа дараа зөрчил гаргаж, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.