Зам талбайн халтиргаа, гулгаагаа арилгахыг дүүргүүдийн засаг дарга нарт үүрэгджээ
Халтиргаа гулгаа ихээр үүсээд буй туслах болон орон сууцны хотхонуудын зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгахад анхаарч ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын орлогч нарт үүрэг болголоо.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөний үеэр орон сууцны болон туслах замууд дээр үүсээд буй гулгаанд арга хэмжээ авах үүрэг даалгавар өгөгдсний дагуу Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөн, инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот тохижилтын газар болон бусад зам талбайн үйлчилгээний байгууллагууд, хяналтын төрийн бус байгууллагуудтай шуурхай хуралдлаа. Өмнө нь цахим хэлбэрээр зохион байгуулж байсан боловч чиг үүргийн байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байсны улмаас ийн нэгдсэн хурлыг зохион байгуулав.
Улаанбаатар хот нь 13.2сая м.кв авто замтай бөгөөд үүнээс төвийн буюу магистраль гол 56 гудамж зам талбайг Хот тохижилтын газар хариуцаж өгсүүр болон сүүдэр нар тусдаггүй, уулзвар хэсгүүдэд өдөр бүр 8-15тн бодис, давс цацаж халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Гэвч дүүргүүд нутаг дэвсгэрийн хүрээнд буюу туслах болон орон сууцны дундах замуудаа цэвэрлэх ажил дутмаг, орхигдож байна.
Үүний дагуу дүүргүүдийн удирдлагууд, зам талбайн үйлчилгээний байгууллагуудыг энэ сарын 24-нийг дуустал буюу хүйтний эрч суларсан энэ хугацаанд авто замын цэвэрлэгээнд анхаарч халтиргаа гулгаагүй байлгахад онцгой анхаарч ажиллах, Хяналтын төрийн бус байгууллагууд шалгалтыг тогтмол хийж орой бүр тайлагнахыг тус тус үүрэг болголоо. Үйл ажиллагааны хэрэгжилтэнд Дүүргүүдийн тээврийн цагдаагийн алба болон Мэргэжлийн хяналтын газрууд хяналт тавьж хариуцлага тооцохыг үүрэг болголоо.
Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба