Баянзүрх дүүрэгт 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубийн хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад орлоо. Тус хороо улсын цэцэрлэг сургуульгүй учраас хүүхдүүд Амгалан цогцолбор, 14, 97, 53, 44 болон Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдан суралцдаг байжээ.
147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харьяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байна. Шинэр баригдсан сургуульд одоогийн байдлаар 1,100 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Нийт 150 гаруй багш, ажилтантай тус сургууль сагсан бөмбөг, хөл бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулжээ.
2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд гадна дэд бүтцийн ажил удаашралтай, түр шугамаас дулаан цахилгаанаа хэрэглэдэг учраас тоног төхөөрөмж ажилууллахад хүчин чадлаа дийлэхгүй байгааг сургуулийн захирал Н.Цэвэлмаа тайлбарлав.
Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудлыг нийслэлийн Боловсролын газар, Захирагчийн ажлын алба, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран яаралтай шийдвэрлэх үүргийг албаныханд өглөө. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг нэн түрүүнд тавьж ажиллахыг сургуулийн захиргаанд сануулав.
Тэрбээр хэлэхдээ “Хятадын Засгийн газраас сургуулийн барилгыг бариад өгсөн байхад бид ажлын уялдаа холбоогүйн улмаас бүтэн сургуулийн асуудлыг цалгардуулж ирсэн байна. Тиймээс Барилгын хөгжлийн төв, Нийгмийн бодлогын хэлтэс,Боловсролын газар хамтран ажлын хэсэг гарч яаралтай энэ сургуулийн дулааны шугам, цахилгааны асуудлыг шийдвэрлэ. Ажлын уялдаа холбоогоо сайжруул. Шинээр ашиглалтад орсон бүх сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг нарийн шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажилла. Ажлын уялдаа холбоогүйн улмаас хугацаа алдсан ажлуудыг эрчимтэй дуусга” гэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс