“Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь“ хэлэлцүүлэг боллоо
“Залуу судлаачдыг дэмжих сан” Төрийн Бус Байгууллага нь 7 хоног бүр тэнхимийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэ удаа "Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь" судалгааны явцын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцсон юм.
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “ТУС Солюшн” ХХК хамтран 2020 оны эхний хагас жилд Системийн Инженерчлэлийн Олон Улсын Зөвлөл (INCOSE)- тэй хамтран “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Судалгааны үр дүнд зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай, хэвийн үйл ажиллагаатай ухаалаг хотод шаардлагатай суурь ойлголтуудын тайлбар, хотын зориулалт, хэв шинжүүд, оролцогч талууд, тэдгээрийн үүргүүд, ухаалаг хотын үйл ажиллагааны хэмжүүр үзүүлэлтүүд, чанартай өгөгдлийн сан гэх мэт системийн шийдлүүдийг боловсруулан гаргасан байна. Ухаалаг хот гэдэг нь техникжиж, технологижсон хот биш бөгөөд асуудлаа тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай байхыг хэлэх юм. Үүний тулд өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан, чанартай инженерчилсэн өгөгдлийн сан бүрдүүлж боловсруулдаг байх, тулгарсан асуудлуудынхаа суурь шалтгаануудыг тухай бүр шуурхай танин мэдэж, арилгадаг байх, хотын оршин суугчид суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангахад шаардлагатай хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэв. Уг судалгааны үр дүнг ирэх сард болох “Virtual INCOSE IS 2020” олон улсын хуралд танилцуулах ажээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ