Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв
УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарсан.
Үүнтэй холбоотойгоор хот эрх зүйн шинэчлэлээ хийх, дагалдах хуулиуддаа санал оруулах чиглэлээр НИТХ, НЗДТГ, ЗАА-ны төлөөллийг оролцуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж, дээрх хуулиудад шинээр тусгах болон, өөрчлөн найруулах саналаа солилцлоо. Энэ үеэр нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр тодорхой саналуудыг тусгах ёстойг ажлын хэсгийнхэн хэлж байв.
Цаашдаа нийслэл хот маань бие даан, хувийн хэвшлийнхнийхээ оролцоотойгоор хөгжих учиртай. Ингэхийн тулд бидэнд санхүүгийн болон захиргааны эрх мэдэл хэрэгтэй. Иймд дээрх хуулийн төслүүдэд тооцоо судалгаатай санал оруулах нь чухал хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва онцолж байсан юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ