С.Даваасүрэн: 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг сонгуулийн дараа 00:00 болгоно
Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон нийслэлийн Засаг даргын тамгын газраас /НЗДТГ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнөөдрийн захирамжаар номын сан зэрэг газрын үйл ажиллагаа нээгдэж байна. Өмнө нь хаагдсан ААН-үүдэд үйл ажиллагаагаа сэргээхэд юуг анхаарах талаар зөвлөмжүүд хүргэсэн.
Зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр НМХГ-аас хяналт тавина.
Мөн сонгуулийн өдрүүдэд захирамж зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох төдийгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл арга хэмжээ авна.
Одоо 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг сонгуулийн дараа 00:00 цаг хүртэл ажиллахаар болгож байгаа.
Үүнтэй холбоотойгоор хэт төвлөрөл үүсгэж, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг зөрчихгүй байхыг анхааруулж байна" гэсэн мэдээлэл өглөө.









