Нийтийн тээвэрт “САЛХИ ОРУУЛАХ“ нь

2020 оны 6 сарын 22

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Үүний ачаар монголчууд амны хаалт зүүж, гараа угааж сурав. Бас нийтийн тээврийн автобуснуудаа цэмцийтэл цэвэрлэж болдгийг харлаа. Олон хүн зорчдог нийтийн тээврийн автобусанд халдвар тархах өндөр эрсдэлтэй тул өдгөө өдөр бүр тогтмол угааж, ариутгаж байна.

Ялангуяа орон нутгийн буюу нийслэлийн өмчит компаниуд ариутгал, цэвэрлэгээндээ ихээхэн анхаарах болсон нь магтууштай. Гэхдээ ингэлээ гээд хотын нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн төгс болчихсон гэсэн үг биш. Асуудал байсаар, холбогдох албаныхан шийдэл хайсаар буй.

Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор сүүлийн хэдэн сард зорчигч тээврийн урсгал саарч, автобус олдохгүйн зовлонг иргэд төдийлөн амсахгүй байна. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд, хорио цээрийн дэглэмийг цуцлахад дахиад л маргаан дагуулах асуудал нь нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Сүүлийн 11 жил хотын нийтийн тээврийн паркийг шинэчлээгүй. Тодруулбал, 2009 онд нийслэлд БНСУ-аас “Daewoo” загварын 400 автобус оруулж ирснээс хойш парк шинэчлэл гээд нэрлэчихээр дорвитой ажил хийгээгүй.

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “MNS 5012:2011” стандартыг манай улсад мөрддөг. Уг стандартаар бол нэг автобусыг 12 жил ашиглаад, актлах ёстой. Дээр дурдсан 400 автобусны ашиглах хугацаа стандартын дагуу ирэх онд дуусна. Үүнээс гадна ирэх жил гэхэд ашиглалтаас хасагдах автобус дахиад 300-400 бий гэнэ. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрынхны мэдээлснээр, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт уг нь 1200 автобус бүртгэлтэй ч өдөр тутам үйлчилгээнд гаргадаг нь 947. Тэдгээрийн 700 орчмыг нь ирэх жил жагсаалаас гаргачихвал хотын нийтийн тээвэрт 200 гаруйхан автобус үлдэнэ гэсэн үг. Тиймээс эл салбарт алгуурлалгүй амжуулах гол ажил нь парк шинэчлэл болсон билээ.

ЯАГААД ПАРКАА ШИНЭЧЛЭЭГҮЙ ВЭ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд яагаад сүүлийн 11 жил паркаа дорвитой шинэчлээгүй вэ. Төрийн өмчийнх нь ч, хувийн хэвшлийнх нь ч энэ асуудал хөрөнгө төсөвтэй холбоотой хэмээн тайлбарласан. Жишээ нь, “Зорчигч тээвэр-3” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан нийт орлогынхоо 40 гаруй хувийг түлшинд зарцуулдаг аж. Бусдыг нь урсгал зардал, ажилчдын цалин хөлс зэрэгт зарцуулахаар ашиг олох нь битгий хэл алдагдалд ороход хүрдэг байна. Тийм учраас парк шинэчлэл хийж чадалгүй өдий хүрчээ. Өдгөө хотын тээвэрт явуулж буй дизель хөдөлгүүрт автобус 100 км замд дунджаар 35 литр түлш, 80 000 төгрөг зарцуулдаг гэнэ.

Автобуснуудаа шинэчлэх нь зайлшгүй асуудал болсон тул нийслэлийн ЗДТГ-аас энэ жил дорвитой хөдлөхөөр шийджээ. Ийнхүү 11 жилийн дараа л нийтийн тээвэрт “салхи оруулах” шийдэлд хүрэв. Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн мэдээлснээр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт энэ онд багтаан 300 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжид энэ сард багтаан цахилгаан 46 автобус оруулж ирэх нь. Тэдгээрийн 10 нь хоёр давхар автобус. Улаанбаатарын нийтийн тээвэрт анх удаа хоёр давхар автобус явуулна гэсэн үг.

Цахилгаан автобус авах болсон шалтгаан нь автобус компаниудыг ашигтай ажиллуулж, хэмнэлт гарган, түүгээрээ паркаа дахин шинэчлэх гэнэ. Дээр дурдсанчлан, дизель хөдөлгүүртэй автобуснууд 100 км зам туулахдаа 80 000 төгрөг “үрдэг”. Харин шинэ автобуснууд 100 км-т 8000 төгрөгийн цахилгаан зарцуулдгийг туршилтаар тогтоосон байна. Мөн байгаль орчинд ээлтэй, хар утаа “хаяж” агаар бохирдуулахгүй байх давуу талтайг албаныхан онцолсон.

Arslan.mn

ХОЁР АВТОБУСНЫ “АЖЛЫГ” НЭГЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛНЭ

Нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх судалгааны ажлыг 2018 оноос эхлүүлжээ. Судалгааны үр дүнд анхны цахилгаан автобусыг өнгөрсөн оны зургадугаар сард оруулж ирж, туршилтаар явуулж эхэлсэн. “Туршилтын автобус одоогоор 48 000 км явсан. Өвөл, зуны бүх улиралд туршсан. Манай хотын байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон нь нотлогдлоо” гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв. Энгийн цахилгаан автобус 168 кВт/цаг хүчин чадалтай, нэг удаа цэнэглээд 200 гаруй км зам туулна. Хоёр давхар автобус 326 кВт/цаг хүчин чадалтай, нэг удаа цэнэглээд 400 гаруй км явах боломжтой нь туршилтаар батлагджээ. Бас шатахуун, тос хэрэглэхгүй, утаа гаргахгүй, байгальд ээлтэй гэдгээрээ давуу талтай.

Давхар автобус нь доод хэсэгтээ 20, дээрээ 50, нийт 70 хүний суудалтай, дунд зайд нь ч хүмүүс зогсоод явах боломжтой. Хоёр автобусанд багтах хүнийг нэг автобусаар тээвэрлэж, тэр хэрээр замын түгжрэл ч буурах гэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр автобусны “хийх” ажлыг нэгээр гүйцэтгүүлнэ гэдэг утгаараа эдийн засгийн хувьд хэмнэлттэйг албаныхан онцлов. Мөн нэг удаа цэнэглээд 400 км зам туулдаг болохоор цэнэглэлгүй хоёр өдөр явуулж болох нь. Уг автобуснуудыг орон нутгийн өмчит “Зорчигч тээвэр-3”-ынхан ашиглах бөгөөд өдгөө туршилтаар явуулж байгаа гэнэ.

ӨРТӨГ НЬ 25 ТЭРБУМ ТӨГРӨГ

Хэдийгээр үнэ нь дизель хөдөлгүүрт автобусыг бодвол өндөр ч эдийн засгийн хэмнэлт, байгаль орчинд ээлтэйг нь тооцож цахилгаан автобус авах нь зүйтэй гэж үзсэнээ нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн. Холбогдох албаныхан Улаанбаатарын нийтийн тээврийн паркийг шинэчлэх судалгааныхаа үр дүнд төсөл бичиж, Хөгжлийн банкны охин компани “DBM leas¬ing”-ийнхэнд өгчээ. Тус компанийнхан төслийн баримт бичгийг БНХАУ-ын Хөгжлийн банканд өгч, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. БНХАУ-ын Хөгжлийн банкныхан төслийг жил гаруй судалсан бөгөөд Бээжингийн их сургуулиас баг гаргуулан, манай улсын худалдаж авах автобуснууд, ялангуяа зай хураагуур нь хүйтний улирлыг тэсвэрлэж чадах, эсэхийг судлуулжээ. Улаанбаатарт өвөл шөнөдөө 40 градус хүрч хүйтрэх тохиолдол ч бий учраас ийм судалгаа хийх зайлшгүй шаардлага байжээ. Манайд оруулж ирсэн автобуснууд эл шалгуурыг давж чадсан тул БНХАУ-ын Хөгжлийн банк хөнгөлөлттэй зээл олгох болсон аж.

Эхний ээлжид оруулж ирэх автобуснуудын нийт өртөг 25 тэрбум төгрөг. Үүгээр хоёр давхар 10, энгийн цахилгаан автобус 36-г авна. Хоёр давхар автобус 207 000, нэг давхар нь 148 000 ам.долларын өртөгтэй. Цахилгаан автобусны хамгийн гол эд анги нь зай хураагуур бөгөөд нийт үнийн дүнгийнх нь 50 хувийг “шингээдэг” аж. Үйлдвэрээс нь зай хураагуурт долоон жилийн баталгаа өгсөн гэнэ. Түүнчлэн гамтай ашиглавал зай хураагуур нь 12-15 ажиллана гэж үйлдвэрийнхэн баталгаа өгчээ. Дээр нь дагалдах хэрэгсэл болон цэнэглэх 15 төхөөрөмжийг авах нь. Тэдгээрийн 12 нь суурин, гурав нь богино хугацаанд цэнэглэх “шидтэй” төхөөрөмж юм байна.

Парк шинэчлэлд зарцуулах зардлын 20 хувийг Монгол Улс төлж, үлдсэнийг нь БНХАУ-ын Хөгжлийн банк хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Үүний дагуу нийслэлийн төсвөөс 5.3 тэрбум төгрөг гаргах аж. Нэгэнт улс, нийслэлийн төсвөөс 25 тэрбум төгрөг гаргаад автобус худалдаж авах боломж хомс учраас ийм шийдэл сонгожээ. Мөн дараагийн ээлжид 100 автобус авахаар төлөвлөсөн, өртгийг нь нийслэлд төсөвт суулгуулахаар хэлэлцэж буй гэнэ. Үүний 42 нь давхар, 58 нь энгийн цахилгаан автобус аж.

Хоёр давхар автобуснуудыг “Ч-1” дугаартай Таван шар-Офицеруудын ордон чиглэлд явуулахаар төлөвлөснийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлсэн. Энгийн 36 автобусыг Баянхошуу, Налайх, Толгойт зэрэг чиглэлд явуулах гэнэ. Хоёр давхар автобус 4.2 метр өндөр. Тиймээс Улаанбаатар хотын төв зам дагуу байрладаг, троллейбусны шугамыг шүргэж болзошгүй гэж албаныхан тооцоолж, нэлээд судалгаа хийсэн байна. Троллейбусны шугам 5.6 метрээс дээш өндөрт байрладаг учир хоёр давхар автобус шүргэхгүй аж. Гэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс зургаан байршил дахь, троллейбусны шугамын утсыг татаж, дээшлүүлж байгаа гэнэ.

Ийнхүү хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд эхлүүлэв. Гэсэн ч энэ нь хангалтгүй. Ирэх онд 700 гаруй автобус жагсаалаас хасагдана. Тэгэхээр 300 автобус ч хангалттай биш юм. Нийслэлийн өмчит автобус компаниуд паркаа ийнхүү шинэчиллээ. Харин одоо хувийн хэвшлийнхэн санаачилгатай ажиллаж, шинэчлэл хийх цаг болсон.

Бэлтгэсэн: М.Оч

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618006
3 эможи
keyboard_arrow_up