Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц, гарцыг чөлөөлөв
Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани, Чингэлтэй дүүргийн болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зуслангийн газруудад орц, гарцыг нээх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Шадивлангийн 12 байршилд орц, гарцыг нээжээ.
Шадивлан зуслангийн тухайд 896.9 га талбайг эзэлдэг бөгөөд 176 өрхийн 528 хүн амтай.
Судалгаагаар Шадивлан зуслангийн аманд илүү талбай хашаалсан, ойн сан руу орж хашаалсан 687 зөрчлийг илрүүлээд байгаа бөгөөд ойн сан руу орох орц гарцыг 12 байршилд нээхээр байршлыг тодорхойлсон. Тиймээс Шадивлан зуслангаас эхэлжээ.
Орц, гарц чөлөөлөх ажилд нийт 65 албан хаагчид оролцож байна. Цаашдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө баримтлан дүүргүүд газар олголт хийх, кадастрын зургийн дагуу хашаа бариулах, орц гарц гаргаж газар зохион байгуулалтыг хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах шаардлагатай байгаа аж.
2020 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд өнжмөл өвсний түймэр 273 удаа гарчээ. Тиймээс Нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/454 дүгээр захирамж батлагдсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
|