10,000 ПРОГРАММИСТ БЭЛТГЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төслийг нээж хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, Мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхахгүйгээр бид дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжгүй эрин зуунд амьдарч байна. Тийм учраас бид бүхэн өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залуучууддаа сурах боломжийг бүрдүүлэхээр 10,000 программист төслийг эхлүүлж байна.
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД АНХАН БОЛОН АХИСАН ШАТНЫ СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Энэхүү төслийг санаачилсан нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Монгол Улс бол залуусын орон. Нийт хүн амын талаас илүү хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг. Тийм атлаа олон залуус ажилгүй, орлогогүй байна. Тиймээс технологийн дэвшилтэй хотын иргэд та бид бүгд технологийн дэвшлээс суралцан, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын зэрэгцээгээр мэдлэг чадвар эзэмшин, ажил амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, цалин орлогыг бүрдүүлэх боломжийг дэлхий өөрөө та бидэнд ижил тэнцүүгээр олгож байна. 10,000 программист төсөл үе шаттай хэрэгжээд явна. Цаашдаа ЕБС-уудад энэ хөтөлбөрийн сонгон анги хичээллүүлэх, дугуйлан ажиллуулах боломжийг нээх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Ингэснээр төслийг хэрэгжүүлэх анхан шатны суурь алхам хийгдэнэ. Мөн нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн хүүхдүүдэд анхан болон ахисан шатны сургалтыг эхлүүлж байна” гэдгийг онцолсон юм.
Мөн Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт “10,000 программист” төслийн сургалтын анги танхимтай танилцаж, багш, суралцагчидтай уулзан санал солилцлоо. Энэ үеэр “Эмпасофт” академи, МУИС-ийн ХШУИС-ийн Математик компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш Б.Батням “Улаанбаатар хотын утааг бууруулж чадсан шиг мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлснээр бид ядуурлыг арилгах боломжтой гэж харж байна. Залуучуудад зориулсан энэхүү төслийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээв.
Түүнчлэн энэ үеэр Хотын Захирагч Үндэсний “Язгуур” төслийн залуустай уулзан, санал солилцож, хүүхэд багачуудад зориулсон үндэсний хэв шинжийг агуулсан контент бүтээж байгаад нь талархал илэрхийлээд шаардлагатай зүйлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
10,000 программист төсөл хэрэгжсэнээр:
Мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.
Мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр зөвхөн Монголд төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, Олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ.
Мөн Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм.
“Веб хөгжүүлэгч болон Жава хэлний анхан шат”, “Жава Скриптын ахисан шатны” мэдлэг олгох сургалтыг зарлалаа.Суудлын тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй!
Бүртгүүлэх линк: https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx…