Баянбүрдийн тойргоос III,IV хороолол чиглэлийн замын хойд хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр хаана
Баянбүрдийн тойргоос-Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр хаана.
Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ "Баянбүрдээс хороолол чиглэлийн замын хойд хэсгийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 11-ний өдрийн хооронд хааж, барилгын ажил хийхээр боллоо. Инженерийн шугам сүлжээний сэтэлгээ, хуучин асфальтбетоныг дахин боловсруулах аргаар шинэчлэх, нэмж хоёр үе асфальбетон хучилт хийхээр төлөвлөж байна.
Тус зам нь 1988-1989 оны хооронд троллейбусны шугам явуулахаар анх баригдсан. Үүнээс хойш Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр жил бүрийн урсгал засвар хийгдэж байсан. Энэ онд шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байна" гэсэн мэдээллийг өглөө.
Цаашид авто замын урд тал буюу Эх Нялхасын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто зам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах болно. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.