Баянхошуу дэд төвд нэгдүгээр зэрэглэлийн “Гал түймэр унтраах, аврах ангийг“ байгуулна
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн Онцгой байдлын газрын эзэмшиж байгаа газарт “Спорт цогцолбор”, Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг барьж хүлээлгэн өгөх зорилгоор өчигдөр буюу 2020 оны 04-р сарын 23-нд төслийн захирал бөгөөд Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн нар "ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ"-нд гарын үсэг зурлаа.
Гэрээ байгуулах үйл ажиллагаанд “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд, дэд зохицуулагч Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх нар оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Азийн хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байгаа дэд төвүүдийн төслийн хүрээнд “Баянхошуу дэд төв”-д спорт цогцолбор болон гал унтраах, аврах нэгдүгээр зэргийн ангийг барих ажлыг гэрээндээ тусгасан. Энэ нь гэр хороололд дэд бүтцийг хөгжүүлэх томоохон ажлуудын нэг. Зөвхөн орчин аюулгүй болохоос гадна амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангах ажил эхэлж байгаа юм. Ажлыг дэмжиж байгаа иргэддээ талархал илэрхийлье”
Гэр Хорооллыг Хөгжүүлэх Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Хөтөлбөр Төслийн Ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Бид “Баянхошуу дэд төв”-д олон нийтийн хөгжлийн төв, цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор зэрэг нийгмийн байгууламжууд барихаар төлөвлөсөн ба одоогоор 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төвийн барилгуудыг барьж бүрэн ашиглалтад оруулаад байна. Гал унтраах анги нь Сонгинохайрхан дүүрэгтээ жишиг болсон нэгдүгээр зэргийн иж бүрэн сургалтын төвтэй анги болох бөгөөд энэ нь дэд төвд хийгдэх маш чухал бүтээн байгуулалтын нэг юм”
Албаныхны хэлж байгаагаар дээрх нэгдүгээр зэрэглэлийн гал унтраах, аврах ангийн бүтээн байгуулалтын ажил хийгдснээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд галаас аврах хүчин чадал нэмэгдэж, галыг хохирол багатай унтраах боломж бүрдэх ажээ.
Энэхүү нэгдүгээр зэрэглэлийн гал унтраах, аврах байр нь нийт 3 блокоос бүрдэнэ. Мөн гал унтраах, аврах ангийн үйл ажиллагаа явуулах хэрэгцээт өрөө, тасалгаа, галын машины граж болон аврагч нарын байрлах орон сууц зэргийг шийдэх юм. Нэг ээлжиндээ 24 гал сөнөөгч, диспетчер, жижүүр нийт 24-30 хүн хонож ажиллах ажлын байр, гал унтраах 10 машины зогсоол, 168 алба хаагчид амрах өрөөнүүдтэй байхаар төлөвлөсөн байна.
НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Баянхошууны олон айл өрхийг хотын төвөөс ялгагдахааргүй дэд бүтцийг шийдсэн, иргэдийн амьдрах орчныг бүрдүүлж байгаа том ажил эхэлж байна. Мөн гал унтраах барилга байгууламжийг шинэчилсэнээр дан ганц Баянхошуу бус Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, дүүргийнхээ аюулгүй байдлыг хангах цогц ажил эхлээд байна”
СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А. Алтансүх “Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд НОБГ-ын эзэмшлийн гал унтраах ангийн барилга байгууламж шинэчлэгдэж, усан спорт цогцолборын төв байгуулагдаж байгаа гэрээнд гарын үсэг зурсан сайхан өдөр тохиож байна. Нийслэлд гарч байгаа гал түймрийн ихэнх хувийг сонгинохайрхан дүүрэг эзэлдэг. Гал унтраах нэгж чадавхжиж, гал унтраах машины тоо нэмэгдэж, аврагч, гал унтраагчид маань ажиллах нөхцөл бололцоогоор хангагдсан барилга байгууламжтай болох ажил явагдаж байна. Энэ нь нэгжийн бүтэц, чадавхыг дээшлүүлж, гэр хорооллын айл өрхөд хүрч ажиллах боломжийг бүрдүүлж чадах юм. Мөн аврагч, гал сөнөөгчдийн сургуулилт хийх нөхцөл болон байрлах орон сууцыг нь бэлдэж өгч байгаа давуу талтай гэрээ хийгдлээ”гэлээ.
Онцгой байдлын алба хаагчдын зүгээс бүтээн байгуулалтын ажлын хүрээнд аврах ангийн алба хаагчид стандартад нийцсэн байгууламж баригдах болсонд талархаж буйгаа илэрхийллээ.
Барилгын ажлыг энэ оны долдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн хүрээнд Баянхошуу дэд төв Сонгинохайрхан дүүргийн нийт 7-н хороонд бүтээн байгуулалтын ажлууд амжилттай үргэлжилж 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төв, авто зам, Баянхошуу дэд төвийн иргэдийг төвийн дулаанаар хангах дулааны шугам сүлжээний ажлууд, Ус хангамж, ариутгах татуургын ажлууд болон шар усны үерээс хамгаалах үерийн далан сувгийн ажил гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлж байна.