Б.ОТГОНСҮХ: Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайхын авто замын ажил энэ жилдээ бүрэн дуусна
2020 онд Нийслэл хотод хийгдэх зам барилга, засвартай холбоотой төсөл арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
-Энэ жил Налайхын замын үлдсэн тохижилтын ажлууд хийгдэж дуусах уу?
-Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Нийслэлийн төсийн хөрөнгө оруулалтаар 9, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.
БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүр, Баянзүрхийн гүүр болон Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайхын замыг барьж байгаа юм. Үүнээс Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүр ашиглалтад орсноос энэ онд гурван төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Замын цагдаагийн гүүрийн барилгын ажил үргэлжлэхэд бэлтгэлийг хангаж байна. Налайхын 20.9 км замын өнгө хучилтыг ажлыг хийнэ. Энэ хугацаанд зам хаах, түр замаар явуулах мэтээр замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар төлөвлөсөн. Ингэснээр Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайхын авто зам энэ жилдээ багтан ашиглалтад орж дуусах юм. Түүнчлэн Налайхад Барилгын материалын үйлдвэр, технологийн парк руу 4 км хүнд даацын авто замыг барьж дуусгаад байна.
-Замын цагдаагийн гүүрэн гарцын зорчих хэсгийн зам эвдэрсэн талаар гомдолууд их явж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Замын цагдаагийн гүүрэн /Олимпийн/ гарцын "U-turn" рампын зорчих хэсэг эвдэрсэн тухай гомдол ихээр ирж байгаа. Энэ бол үндсэн гүүрийн хөдөлгөөний нээхтэй холбоотойгоор түр тавьсан зам юм. Зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, явган хүний замтай иж бүрэн тохижилттой байна. Замын цагдаагийн гүүрэн гарцыг гүйцэтгэгч нь БНХАУ-ын компани. Одоогоор гадаадын ажиллах хүчин орж ирэх боломжгүй байгаагаас уг гүүрэн гарцын ажлын эхлэх хугацаа нь тодорхойгүйгээр хойшилсон. Хорио цээрийн хугацаа дуусаж, тухайн компанийн ажилчид ирэхээр ажил үргэлжлэн явагдана.
-Энэ жил Улаанбаатар хотод нийт хэдэн км зам тавигдах вэ?
-Улаанбаатарт нийтдээ 52.8 км авто зам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэнэ. Түүнчлэн гэр хороолол тэлсэн учраас нийтийн тээврийн зогсоолыг нэн шаардлагатай 9 байршилд хийнэ. Энэ жил Улаанбаатар хотод 52 км дугуйн зам хийгдэхээр төлөвлөсөн. Учир нь нийслэлийн иргэдийн 39.3 хувь нь автобус, нийтийн тээврийн хэрэгслээр, 6.5 хувь нь алхдаг, 2.6 хувь нь таксигаар, 2.4 хувь нь унадаг дугуй болон мотоцикль, мопидоор зорчиж байгаа бол хувийн автомашинаар 49.2 хувь нь зорчиж байна гэсэн судалгаа бий. Тиймээс энэ жил дугуйн зам, явган хүний замын ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
Сүүлийн үед иргэд дугуй унахыг эрмэлзэх болсны зэрэгцээ электрон дугуйны хэрэглээ ихсэж байгаа тул тэднийг ая тухтай, аюулгүй зорчуулах үүднээс хатуу хучилттай, стандартад нийцсэн дугуйн замыг барина. Мөн 178.6 метр урт гүүрийн засварын ажил, дөрвөн нүхэн гарцыг шинээр хийхээр төлөвлөсөн.
Улаанбаатар хотын авто машины тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Мөн хөдөө орон нутгаас ирээд оршин суух иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан авто машины тоо нэлээд ихэссэн. Тиймээс энэ жил нийслэлд хийгдэх зам барилга, зам засвартай холбоотой төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнээр түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой юм.
Мөн орон сууц, гэр хорооллын холбоос замуудыг нэмж өгөхөөр төлөвлөсөн. Үүнийг хийснээр Улаанбаатар хотын орон сууц, хороолол доторх замууд блокын системд орох боломж нь бүрдэнэ.
Харин блокын системд орсноор тухайн бүсийн авто машины хөдөлгөөн болон түгжрэл буурах тооцоо судалгаатай хийгдэж байгаа.
-Авто замын тэмдэг, тэмдэглэгээг “нэг хот нэг стандарт”-ын хүрээнд шинэчилж байгаа гэсэн. Энэ ажил хэр явж байна вэ?
- Энэ жил “нэг хот-нэг стандарт” бодлогын хүрээнд авто замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулан олон улсын стандартад нийцсэн 4111 тэмдэг, тэмдэглэгээг хийнэ. Түүнчлэн тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замыг 175 байршилд хийж, хотын гол болон туслах замын засварын нийтдээ 65 мянган м.кв талбайд нөхөөс хийх болон заадас засварлах ажлыг 110,000 метр замд хийнэ. Үүний зэрэгцээ Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-ны өдрүүдэд тав хоног засварлахтай холбоотойгоор хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Тус гүүр нь 1989 онд ашиглалтад орсон 108 метр урттай, 28.5 метрийн өргөнтэй төмөр бетонон гүүр байгаа. Уг гүүрэнд 2007 онд ээлжит засвар хийсэн. Өнөөгийн байдлаар гүүрний хоёр хэсэгт хэв гажилт үүссэн, эвдрэл ихтэй байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин