Хэлмэгдэгсдийн музейн суурин дээр барилгын ажил эхлүүлсэн компанийн үйл ажиллагааг зогсоожээ
Улаанбаатар хотод түүх, соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей юм.
Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд асан П.Гэндэн амьдарч байсан түүхтэй.
Уг барилга хуучирч өнгө зүсээ алдсан тул Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ажиллаж, амьдарч байсан тус хоёр давхар модон байшинг засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барин аль нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж, үзмэр болгох талаар П.Гэндэнгийн сангийнхан болон түүний ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат өмнө ярьж байсан удаатай.
Тэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгдэгсдийн музейн архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архитектурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй аж.
Гэвч барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлжээ.
Хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгсөн байна.
Үүний дагуу өчигдөр /2020.03.25/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газрын албаны хүмүүс зөвшөөрөлгүй барилга барьж байгаа тус компанийн үйл ажиллагааг зогсоожээ.
Энэ тухай НМХГ-ын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин хэлэхдээ “Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-ын захиалгаар баригдаж байгаа энэ барилгын суурийг өнгөрсөн нэгдүгээр сард цутгаж байх үед барилгын ажлыг зогсоож байсан.
Барилга барих тусгай зөвшөөрөл гэрчилгээгүй учраас өнөөдөр дахин ирж барилгын үйл ажиллагааг нь зогсоон Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг авсан байна.
Тус барилга анх музей конторын зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн боловч анхны зураг төслөө өөрчилж өнөөдөр 22 давхар орон сууц үйлчилгээний зориулалтаар баригдахаар ажлын зураг хийгдсэн байна” гэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн газар нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг билээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|