Нөөцийн махыг өнөөдөр 15:00 цагаас худалдаалж эхэлнэ
Нөөцийн махыг хэзээнээс борлуулж эхлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу нөөцийн махыг бэлтгэн худалдаалах үүргийг ХХААХҮЯ болон нийслэлийн захиргаанд даалгасан. Энэ дагуу холбогдох албаныхан бэлтгэл ажлаа бүрэн хангасан.
Товлосон ёсоор гуравдугаар сарын 9-нд нөөцийн махыг худалдаанд гаргах байсан боловч COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд импорт, экспортын хүндрэлээс үүдэн нөөцийн махыг савлах уутны асуудал жигдрээгүй байна. Тиймээс дотоодын бололцоонд тулгуурлан хөл хорио тавигдах хүртэл хугацаанд уутаа бэлдсэн.
Түүнчлэн бэлтгэсэн махаа хадгалж буй агуулахууд нь Налайхын гордок, Сонгинохайрхан дүүргийн 32, 21 дүгээр хороонд буюу шалган нэвтрүүлэх товчооны гадна талд байрлаж байгаа. Улсын Онцгой комиссын өчигдрийн шийдвэрээр шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих хөдөлгөөнийг хаасан тул дээрх асуудлыг УОК-т танилцуулж, шийдвэрлүүлсэн. Ингэснээр өнөөдөр 15:00 цагаас 279 цэгээр худалдаалан борлуулж эхэлнэ" гэв.
Нөөцийн махыг худалдаалах цэгүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.