Б.Отгонсүх: Алслагдсан дүүргээс иргэд ажилдаа явдаг тул нийтийн тээврийг зогсоохгүй тодорхой хязгаарлалттай явуулна
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулахыг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо.
Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө.
Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
Тэрбээр "Гуравдугаар сарын 10-аас 16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автбусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийнэ. Үний дараа УОК, НОК-оос тодорхой үе шаттай шийдвэр гаргаад явна. Цаашид ажлын өдөр 680 автобус явахаар төлөвлөж байна. Алслагдсан дүүрэг, хороодоос маш олон иргэд ажилдаа явдаг учраас нийтийн тээврийг зогсоохгүй тодорхой хязгаарлалттай явуулна.
Тухайлбал, 15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа гэдгийг ард иргэддээ хэлье. Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Нийтийн тээвэр өөрөө маш эрсдэлтэй газар. Бидний зүгээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна. Гэсэн хэдий ч гэсэн иргэд өөрсдийн хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт явахгүй байхыг зөвлөж байна." гэв
ШУУД ҮЗЭХ: