Л.Эрдэнэчулуун: Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө талын хаалгаа нээчихдэг бааруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан
Нийслэлийн агентлагуудын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр COVID-19 халдвартай холбоотой гарсан захирамжтай холбоотой зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Онцгой комиссын А/223 дугаар захирамжийн хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 5631 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон. Дийлэнх аж ахуйн нэгжүүд захирамжийн хэрэгжилтийг биелүүлж байгаа боловч нууцаар үйл ажиллагаагаа явуулах хэрэг зөрчил илэрсээр байгаа.
Өнөөдрийг хүртэл таван аж ахуйн нэгжийн тусгай эрхийг нь цуцалж зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээг авсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө талын хаалгаа нээчихдэг баарууд мэр сэр байна. Тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан.
Мөн ариутгалын ажлууд хийгдэж байгаа ба 2300 гаруй худалдааны газрууд, 865 хоол үйлдвэрлэлийн гээд 8257 аж ахуйн нэгжүүдэд бүрэн ариутгал хийсэн" гэсэн юм.