“140 хорооны 279 дэлгүүрээр нөөцийн махыг өнөөдрөөс борлуулж эхэлнэ“
Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн Шуурхай штабыг ажилуулж,нутгийн захиргааны байгууллагууд болон харьяа агентлагуудын 21 мянга гаруй албан хаагч зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт судалгааг хийж мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг хийж байгаа бөгөөд өнөөдрийг байдлаар сэжигтэй тохиолдол илэрээгүй байна. Хот хоорондын хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан 54 мянган тээврийн хэрэгсэл, 190 мянга гаруй иргэд зорчилт хөдөлгөөн хийжээ. Мөн нийслэлийн зургаан шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж иргэдээс цахимаар асуумж авч байгаа. Энэ ажлын хүрээнд 192 мянган иргэн судалгаанд хамрагдснаас Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгууд руу зорчих хөдөлгөөн хамгийн их хийгджээ.
Нийслэлийн Онцгой комиссын А/223 дугаар захирамжийн хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 5631 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Дийлэнх аж ахуйн нэгжүүд захирамжийн хэрэгжилтийг биелүүлж байгаа боловч нууцаар үйл ажиллагаагаа явуулах хэрэг зөрчил илэрсээр байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдлээ.
Тэрбээр “Өнөөдрийг хүртэл таван аж ахуйн нэгжийн тусгай эрхийг нь цуцалж зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээг авсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө талын хаалгаа нээчихдэг баарууд мэр сэр байна, тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан” гэв. Мөн ариутгалын ажлууд хийгдэж байгаа ба 2300 гаруй худалдааны газрууд, 865 хоол үйлдвэрлэлийн гээд 8257 аж ахуйн нэгжүүдэд бүрэн ариутгал хийсэн талаар дурдлаа.
НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргааны байгууллагууд болон нийслэлийн харьяа байгууллагуудын 20,000 мянга гаруй ажилтан алба хаагч нар хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 4,000 гаруй маршрутад коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан. Энэ хугацаанд 66,036 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажилласан ба энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 48 хувиар, PM2.5 тоосонцорын хэмжээ 55 хувиар тус тус буурчээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдрөөс эхэлж худалдаанд гарч буй нөөцийн махны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2019 онд нийслэлийн хэмжээнд 4,000 тонн нөөцийн мах бэлдсэн. Энэ жил Хүнс хөдөө, аж ахуйн яам, нийслэлийн удирдлагууд хамтран ажиллаж, Засгийн газраас 20,000 тонн нөөцийн мах бэлдэх даалгавартай байгаа. Өнөөдрийн байдлаар 12,000 тонн нөөцийн махыг бэлдсэн. Улаанбаатар хотын 140 хорооны 279 дэлгүүрээр худалдан борлуулах ажил бэлэн болсон” гэдгийг онцоллоо.
Мах бэлтгэн нийлүүлж буй 15 аж ахуйн нэгжүүд нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд савласан бөгөөд үхрийн ястай мах 1 кг нь 7,700 төгрөг хонины ястай мах 1 кг нь 6,700 төгрөг, ямааны ястай мах 1 кг нь 6,220 төгрөг байх аж. Цаашид хөл хорионы асуудал хүндэрвэл махыг экспортод гаргахаас илүүтэй дотоодын зах зээлдээ нийлүүлэх даалгаврыг Засгийн газраас тус аж ахуйн нэгжүүдэд өгчээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
|