Шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийг ухаалаг системээр бүртгэлжүүлж байна
Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн битүүний өдрөөс буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Улаанбаатар хотруу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байгаа аж.
Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Автотээврийн хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол нийслэлд нэвтрүүлэхгүй байх тусгай чиг үүргээр хяналтын байгууллагынхан ажиллаж байна.
Иймд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд төр засгаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдыгаа халдвараас хамгаалахыг мэргэжлийн байгууллагынхан уриалж байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХэлтэс
Эх сурвалж: Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар