ӨВӨЛДӨӨ ДААРАХГҮЙ: Хаягдал тосоор ажилладаг БИО ЗУУХ-ын ачаар өнтэй сайхан өвөлжиж байна
Жавар тачигнасан өвлийн эдгээр өдрүүдэд гэр дулаахан байх мөн ч сайхан. Гэр хорооллынхон энэ зовлонг хамгийн их мэднэ, өдөр бүр мэдэрнэ. Гал түлсэн байгаасай, гэрт хэн нэгэн нь эрт ирсэн байгаасай хэмээн ажлаас гэр хүртлээ бодно. Гэвч өөрөөс нь өөр гэрийг нь бүлээцүүлэх хүн үгүй. Харин энэ зовлонг мартсан хэсэг бүлэг хүмүүс Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд амьдрах аж. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын дарга Э.Ганбатын санаачлагаар “АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд хүнсний хаягдал хоол хүнсний тос ашиглан дулаан гаргах шинэлэг технологи буюу “Флинт био зуух”-ыг тавьсан айлаар орж хэсэг алмайрч зогслоо.
Учир нь тэр зууханд цаас, мод, нүүрс хийх шаардлагагүй. Тосны цав нь 12 литр ба цагт 300 гр хэрэглэхэд 36 цагт тасралтгүй асаж дулаан байна. Өчүүхэн цахилгаанаар хална, хоол хүнсний хаягдал тосоор ажиллаж дулаанаа түгээнэ, хамгийн гол нь утаагүй. Ёстой л гэр хороололд хэрэгтэй ганц зүйлийг олсон мэт л санагдаж байлаа. Иргэдийн сэтгэгдэл ч нүднээ илхэн.
Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Иргэний тэнхимийн зохион байгуулагч З.Ариунаа:
Манай хороонд уг төслийг хэрэгжүүлж байгаад бид үнэхээр их баяртай байгаа. Био зуух тавих иргэдийг сонгохдоо хорооны хамгийн их агаарын бохирдолтой, нам дор газрын өрхүүдийг сонгосон. Өнөөдөр энэ хамгийн их утаатай гэгдэх хэсэг маань утаагүй болсон. Одоогийн байдлаар төсөлд хамрагдсан, жигд ажиллагаатай 15 өрх байна. Эдгээр өрхүүд бүгд л сэтгэл хангалуун байгаа. “Флинт” био зуух нь хүнсний хаягдал тос буюу амьтан, ургамлын гаралтай тосыг түлш болгон ашиглан дулаан гаргаж авдаг. Нүүрс, сайжруулсан түлш, мод, цаас бусад шатаагч түлш хэрэглэхгүйгээр иргэд маань хоол ундаа хийж, гэр орон сууц, байгууламж зэргийг халааж дулааны асуудлаа бүрэн шийдэж байна. Төслийн туршилтын хугацаанд хаягдал тосыг үнэгүй өгч байгаа бөгөөд уг төслийг БНСУ-ын КОЙКА, KTL, Flint ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.
Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн, өндөр настан Д.Энхтайван:
Энэ зуухыг бид өнгөрсөн намраас хэрэглэж эхэлсэн. Үнэхээр амар санагдаж байгаа. Сургуулийн насны хоёр хүүтэйгээ амьдардаг настай хүний хувьд түлээ түлшээ хаанаас авчрах вэ гэж хүүхдүүдээ хүлээж суухгүйгээр л гэрээ сайхан дулаахан байлгаж байна.
Хоол хүнсний хаягдал 300 гр тос хэрэглэхэд 36 цагт тасралтгүй асаж дулаан байна. Тог цахилгаанд ч хэмнэлттэй. 12 вольтоор л ажилладаг. Гэртээ дулаалга хийгээгүй байхад л их сайхан дулаахан байгаа биз дээ. Нүүрс түлэхгүйгээр өвлийг авна гэдэг их сайхан. Мөн хэр их хэмжээний хүчдэлээр тосоо халаахаа тохируулах гурван тохируулгатай. Манайх гэхэд их хүйтний цагт 2 дээр нь тавьдаг. Гадаа гайгүй байх юм бол 1 дээрээ ч дулаахан байдаг. Хоол цайгаа дээр нь хийчихнэ. Хэмнэлттэй ийм сайхан зуухтай болох төсөлд хамрагдсандаа өвөө нь их баяртай байна. Энэ төслийг санаачилсан ИТХ-ын дарга Э.Ганбатад талархаснаа илэрхийлмээр байна.
Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн С.Насанбат:
“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа уг зуухыг хэсэг айл өрхүүд хэрэглээд багагүй хугацаа өнгөрлөө. Манайх 56 мкв байрыг энэ зуухаараа л халааж байна. Утаа униар гарахгүй, гал түлнэ гэхгүй, аюулгүй ийм сайхан зуухтай болчихоод л байна даа. Нэг цэнэглээд тасралтгүй 36 цаг ажиллана. Энэ хооронд дулаанаа алдана гэсэн ойлголт байхгүй. Нүүрс, түлштэй зууралдахгүй, ажил хөнгөвчилсөн сайхан зуухтай болсон. Уг нь энэ төслийг Улаанбаатар хот даяараа хэрэглэвэл утаанаасаа салах их амархан санагдаад байгаа юм. Бидний хувь зууханд хийж байгаа тосоо л сайхан цэвэрлээд байх юм бол өөр асуудалгүй. Сая тогны мөнгөн дээр 4000 төгрөг л илүү гарсан байна лээ. Тэгэхээр эдийн засагт ч хүртэл хэмнэлттэй байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн Б.Бадамхорлоо:
Бидний хувьд хоёр жоохон хүүхэдтэй айл. Жоохон хүүхэдтэй айл хамгийн дулаахан байх ёстой шүү дээ. Өмнө нь нүүрс түлдэг байхдаа ажлаасаа тарж ирээд л галаа түлнэ. Хоёр хүүхэд маань гадуур хувцастайгаа гэр халтал нилээн удаан сууна шүү дээ. Одоо харин энэ зуухыг хэрэглэж эхэлснээс хойш энэ асуудал ард хоцорсон. Бид чинь байранд амьдарч байгаа юм шиг л дулаахан гэртээ ирээд хувцсаа шидэлж гарна шүү дээ. Хүүхдүүд маань энэ өвөл их дулаахан байнаа л гээд байгаа. Аюулгүй ажиллагаатай, дээрээс нь угаартана гэсэн айдасгүй их л сайхан байна. Хоол, цайгаа зуухан дээрээ хийчихнэ. Өмнө нь нүүрс түлдэг байхад сардаа 150000 төгрөгөөр түлшээ базаадаг байсан бол өнөөдөр тогны мөнгө гэж 25000 төгрөг л төлж байна. Иргэн миний хувьд энэ төслийг үргэлжлүүлж, олон айлд хүртээгээсэй л гэж бодож байна даа.
Бидний хамгийн ихээр ярьж, хамгийн их санаа зовж буй асуудлын нэг болох агаарын бохирдлыг энгийн аргаар шийдээд, ажил хэрэг болгочихжээ. Харин илүү их хүнд түгээгээсэй л гэж хүссэн иргэд олон байлаа. Цэвэрхэн, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай байгальд ээлтэй технологийг Флинт компаний инженерүүдийн ур ухаанаа шингээн илүү их хүнд түгээхээр, төслөө улам боловсронгуй болгохоор ажилласаар байна. Энэ ажил нь нэг хороо, нэг дүүргээр битгий зогсоосой. Энэ хотод бүхэлдээ хэрэгжээсэй гэж хүсч явлаа.