НОБГ: Салютыг зөвшөөрөлтэй компаниас авч, мэргэжлийн операторчноор буудуулах нь аюулгүй
Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шинэ жилийн баярыг угтсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа ресторан, зах худалдааны төвүүдэд шалгалт явуулж 300 гаруй зөрчлийг илрүүлж зарим газарт захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.
Шинэ он солигдох мөчид пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулах ажиллагаа явагддаг. Салют буудуулах ажиллагаанд Нийслэлийн онцгой байдлын газраас онцгой анхаарал хандуулан ажиллах юм байна. Тус газраас далд хэлбэрээр худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж байсан иргэд аж ахуй нэгжийн пиротехникийн хэрэгслийг хурааж авч устгалд оруулжээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ тогтоолоор бүрэн хориглосон. Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий.
Шаардлагатай тохиолдолд эдгээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг худалдан авч болох ба мэргэжлийн операторчноор буудуулах шаардлагатай гэдгийг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Ингэхдээ барилга байгууламж, битүү орчинд пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглодог гэдгийг санууллаа.
Нийслэлийн онцгой байдлын газрын 150 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.