Тѳв талбайд байршуулсан хаалттай холбоотой албан ёсны мэдээллийг хүргэж байна
Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд дээрх чулуун хаалт нэг бүрийн үнийг 3 сая төгрөгийн өртөгтэй гэсэн буруу ташаа мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсны тайлбар мэдээллийг хүргэж байна.
Чулуун хаалтын тухайд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, элдэв гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор иргэд олноор цугладаг Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох санхүүжилтийг нь хариуцан ажиллах үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргасны дагуу Монголын компани гүйцэтгэсэн байна. Энэ дагуу Сүхбаатар талбайн баруун, зүүн, урд талд байршуулах 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн байна.
Иймд та бүхэн иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилсан сэргийлсэн дээрх ажлыг улстөржүүлэх, буруутган харлуулахгүй байхыг олон нийтэд хандан хүсч байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс