Хятадын Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хятадын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү Имин, Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Ван Мэн болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра нар байлцав.
Уулзалтын эхэнд талууд хоёр улсын хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн хүрээнд хийгдсэн олон төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцсан юм. Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцаж байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцлаа.
Элчин сайд Шин Хаймин “Би Хятад-Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бие сэтгэлээ зориулж ажиллалаа. Цаашид дахин хоёр улсын хөгжлийн төлөө ажиллах боломж гарвал бие сэтгэлээ зориулах болно” хэмээв.
Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ төсөл хөтөлбөрүүдэд эрхэм Элчин сайд таны оруулсан хувь нэмэр их бий. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.
Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|