“Залуучуудад АЖЛЫН ТУРШЛАГА эзэмшүүлэх туршилтын ХӨТӨЛБӨР“- ийг Баянгол дүүрэгт хэрэгжүүлж байна
Ажилгүй байгаа залуучуудыг “сургуулиас хөдөлмөр эрхлэлт үрүү” шилжихэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд нэгдэхэд бэлтгэх зорилго бүхий Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилттэй “Ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөр”-ийг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг түшиглэн, дүүргийн ажил олгогч нартай хамтран зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд хөтөлбөрт хамрагдах ажил олгогч байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилгоор семинарыг зохион байгуулж байгаа бөгөөд үүнд Баянгол дүүргийн нийт 15 ажил олгогч оролцож байна.
Ажлын туршлага эзэмшүүлэх тус хөтөлбөр нь сургуульд суралцаж, эзэмшсэн мэдлэг ур чадварыг ажлын бодит орчин, нөхцөлтэй уялдуулах боломжийг төгсөгчдөд олгох бөгөөд ингэхдээ ажлын туршлага эзэмшүүлэгч ажилтнуудын дэмжлэг авах юм. Энэ хугацаанд залуучууд харилцааны ур чадвар, хандлагаа эерэгээр өөрчлөх давуу талтай.
Тус хөтөлбөрт дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил хайгчаар бүртгүүлсэн, мэргэжил эзэмшсэн, ажлын туршлагагүй, эсвэл туршлага багатай, 28 хүртэлх насны залуучууд хамрагдах боломжтой.
Туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй ажил олгогч нарын хувьд ажлын байранд мэргэжлээрээ дадал, туршлагатай болсон залуучуудыг үргэлжлүүлэн ажилд авах боломжтой. Харин ажил хайгч залуучуудын хувьд эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын дадалтай болохын зэрэгцээ мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, ажлын орчин, нөхцөлд дасан зохицох боломж бүрдэх юм.
Ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөрийг нийт 2 сарын хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрт хамрагдагч залуучууд долоо хоногт 20-30 цаг ажиллах юм байна.
Ажил хайгч залуучуудад зориулсан энэхүү туршилтын хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилттэй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байна.
Тус семинарын хүрээнд Интерншип ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хоёр талт хамтын ажиллагааны гэрээг Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс болон сонгогдсон ажил олгогч байгууллага хооронд байгуулах юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|