“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдаанд үхрийн мах 6600-7000 үнэтэй байна
“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Улаанбаатар хотын гурван дүүргийн худалдааны төвүүдэд явагдаж байна. Өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Скай их дэлгүүрийн урд талбайд Сүхбаатар Дундговь зэрэг аймгаас ирсэн малчид махаа худалдаалж байна. Үнийн хувьд үхрийн мах 7000, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гаргасан гэж салбарын яамнаас мэдээлж байсан.
"Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрийн урд талбайд гарч байгаа юм.
Тодруулбал, бидний зорин очсон “Скай” их дэлгүүрийн өргөтгөсөн худалдаанд иргэд олноор цуглажээ. Тэнд нэг кг адууны мах 5500 төгрөг бол үхрийн мах 6800 төгрөгийн үнэтэй байна.