Муудсан махаар хоол хийснээс болж хүүхдүүд хорджээ

2019 оны 12 сарын 05
47 дугаар сургуулийн сурагчид үдийн цайгүй хоёр хонов

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хэд хэдэн сургуулийн сурагч хоолны хордлогод орсон. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард “Уудам монгол эдүкэйшн” ахлах сургуулийн 25 сурагч үдийн хоолондоо хордож, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байв. Тэгвэл энэ сарын 3-нд нийслэлийн Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн 16 хүүхэд хоолны хорлогод орж, ХӨСҮТ-д нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бид хүүхдүүдийн биеийн байдал хэр байгаа, ямар хоолноос хордлого авсан талаар тодруулахаар Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийг зорилоо.

 Биднийг очиход өдрийн ээлжний сурагчид хичээлээ эхлэхээр зэхэж байв. Тус сургууль нь 1700 гаруй сурагчтай. Сургууль дотор үйл ажиллагаа явуулдаг “Таны зоог” цайны газрын ширээ, сандал нь хураалттай, хаалга нь цоожтой, үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай  байв. 
Хүүхдүүдийн талаар 47 дугаар сургуулийн захирал Ч.Нармандахаас тодруулахад  “Өчигдөр (уржигдар) VII-VIII ангийн 16 хүүхэд бөөлжих, толгой эргэх шинж тэмдэгтэй сургуулийн эмчид хандсан. Олон хүүхэд нэг зэрэг өвдсөн болохоор хоолны хордлого байж болзошгүй гэж эмч оношлоод,  Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, ХӨСҮТ-д дуудлага өгсөн. Тухайн өдрийн 12.00 цагийн үед мэргэжлийн байгууллага үзлэг шинжилгээ хийгээд явсан. Хүүхдүүд сургуулийн цайны газраас мантуун бууз худалдаж авсан юм билээ. Мантуун бууз нь улаан махтай байсан гэдгийг хордсон хүүхдүүд хэлсэн. Хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг хийснээр биеийн байдал хэвийн, хичээлдээ явж байгаа. Харин нэг хүүхэд өөр өвчний хавсралттай эмнэлэгт хэвтсэн. Уг цайны газар нь манайхтай хамтарч ажиллаад таван жил болж байгаа. Энэ хугацаанд ийм тохиолдол гарч байгаагүй. Мөн цайны газрын үйл ажиллагааг хааснаар “Үдийн цай” хөтөлбөр зогсож хоёр хоног бага ангийн хүүхдүүд өдрийн цайгүй байна. Шинжилгээний хариу энэ баасан гарагт гарна гэсэн. Бид өөр компани судалж, “Үдийн цай” нийлүүлэх талаар ярьж байна. 600 төгрөгт тааруулж хүүхдүүдэд цайг нь өгөх ёстой болохоор тийм компани олдохгүй байна. Сургуулийн зүгээс цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллана” гэв. 
Албан эх сурвалжийн мэдээлснээр тус сургуульд үйл ажиллагаа явуулдаг “Таны зоог” цайны газар нь өмнөх өдрийнхөө амталсан махыг хөргөгчинд хийлгүй хонуулж, түүгээрээ маргааш нь мантуун бууз хийж хүүхдүүдэд үйлчилжээ. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдүүд хоолны хордлогод орсон байж болзошгүй гэсэн юм. Мөн тус цайны газрынхан өөрсдийн буруутай үйлдлээс болж ийм зүйл болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэнэ. 
ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа VII ангийн сурагч О-ийн ээж Б.Ариунаа “Манай хүүгийн ангийн багш нь тухайн өдрийн 13.00 цагийн үед холбогдсон. Хүүхдүүд гэнэт зэрэг бөөлжиж, суулгаад мэргэжлийн байгууллагынхныг дуудаж шинжилгээ, шаардлагатай эмчилгээг хийлгэсэн. Одоо хүүхдүүдээ аваад ХӨСҮТ явах гэж байна. Хүрээд ир гэсэн. Манай хүү жигнэсэн пирошки аваад, найзынхаа мантуун буузнаас нэг хазсан юм билээ. Гэхдээ тэгж бөөлжиж, суулгаагүй. Ханиадтай, хоолой нь улаалттай, халуунтай байсан болохоор хордлогын шинж тэмдэгтэй хавсраад бие нь жаахан сульдаж, эмнэлэгт хэвтсэн. Одоо биеийн байдал нь сайжирч хэвийн болсон. Өмнө нь хордлогод орж байгаагүй болохоор цаашид үлдэх хор, сөрөг нөлөөг нь мэдэхгүй байна. Эмч нар санаа зоволтгүй, зүгээр гэж хэлсэн” гэв. 
Энэ талаар ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Сувдмаа “Хүүхдүүдийн шинжилгээний хариу ирэх даваа гарагт гарна. Яг хоолны хордлого эсэх нь тодорхой бус. Хэрэв хордлого мөн бол шаардлагатай арга хэмжээг авна” гэсэн юм. 

Хэдийгээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан, хэвийн байгаа ч цаашид гарах сөрөг нөлөөг таашгүй юм. 
Салбарт нь удаа дараа  хүүхэд хордож байхад сайд хэрхэн, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа нь тодорхой бус байна. Түмний хүүхдүүд сургууль гэх хоёр дахь гэртээ хэдий болтол хоолны хордлогод орж, эмчилгээ хийлгэж, хичээлээсээ хоцорч, цаашлаад эрүүл мэндээрээ хохирох ёстой вэ. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611257
0 эможи

Зочин
2019-12-05 13:49
keyboard_arrow_up