Б.Эрдэнэбат: Хүн гэмтсэн, эрүүл мэнд хохирсон осол 38.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3280 дуудлага мэдээлэл хүлээн авч 843 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 67 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас есөн хүний амь нас хохирч, 72 хүн гэмтсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүн гэмтсэн, эрүүл мэнд хохирсон осол 38.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэсэн юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 148, эрэн хайх, аврах ажиллагааны 19, нийт 167 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 30 иргэнийг аварч, 230 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 28.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ сарын 01-ний өдрөөс цахилгааны тарифыг шөнийн цагаар тэглэсэнтэй холбогдуулан айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж, өнөөдрийн байдлаар шалгалтын явц 80 хувьтай байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд сайжруулсан шахмал түлшний угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан” гэв.
Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллах тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд дүүргээс ямар ажлууд зохион байгуулж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалт хийх 100-150 гэрээт ажилтан ажиллуулах хүн хүчийг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрдүүлж, дүүргүүд дэх бөөний цэгүүдэд ажиллуулах ажил ямар шатанд байна. Агаарын чанарын бүсэд байгаа аялал жуучлал, боловсрол, эрүүл мэнд, мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, түүхий нүүрс хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргаж, яндангийн шүүлтүүр нь чанарын шаардлага хангаж байгаад хяналт тавих, хороодын ажилтнууд, хэсгийн ахлагч нарт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хордсон үед эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар бусад мэргэжлийн байгууллагууд нийслэлийн Гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах, ашиглах заавар зөвлөмж өгөх, дүүрэг, хороодыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатай” гээд “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх тухай захирамжийн хэрэгжилтийг шат шатандаа хангаж ажиллах, халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор цаашид сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
|