САЙН МЭДЭЭ: Сургуулийн автобусууд бяцхан зорчигчидоо тээвэрлэж эхэллээ
"Сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ"
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс явуулж эхэллээ.
Өнөөдрөөс эхлэн Улсын ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг аюулгүй, шуурхай тээвэрлэж эхэлсэн.
Сургуулийн автобус болгонд хүүхэд зохицуулагч ажиллаж байгаа бөгөөд өдөр хоёр ээлжээр сургуульд хүргэж, орой тарахад нь гэр рүү хүргэж өгөх юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 33 чиглэлд сургуулийн автобус зорчиж байна. Сурагчдыг аюулгүй тээвэрлэж буй тал дээр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өглөө эхний буудлаас эхлэн хөдлөхөд нь чиглэл болгон дээр хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.
Нийслэлээс зохион байгуулж буй энэхүү ажилд эцэг, эхчүүд талархалтай хандаж, дэмжиж буйгаа илэрхийлсээр байна. Нийслэлийн боловсролын газраас эцэг эхчүүд, сургуулийн захиргаанд тогтмол мэдээлэл өгч, нийтийн тээврийн газраас маршрут, чиглэлийг хянаж зохицуулж ажиллаж байгаа аж. Сурагчдад үйлчилж буй нийт 40 автобусанд байршил тогтоогч суулгасан бөгөөд эцэг, эхчүүдэд байршлын мэдээллийг тогтмол мэдээллэж байх юм.
Нийслэлийн зүгээс цаашид автобусны тоо, чиглэлийг нэмэх тал дээр анхаарна гэлээ. Эхний ээлжинд гарч буй бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр шийдсэн аж. Эцэг эхчүүдийн цагийг хэмнэж, ажлаа амжуулах боломж олгохоос гадна бяцхан сурагчдыг аюулгүй зорчих боломжийг бүрдүүлсэнд олон нийт талархалтай байгаа аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|