Хотын дарга Зайсан-Офицеруудын ордон, Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврээр зорчив

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь нөхцөл байдалд нь очиж шалгаж ажиллалаа.

Хотын Захирагчийг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сөүл хотын оролцоот “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.

Автобус өвлийн улиралд удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэхийг хүсэв

Arslan.mn

Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсийн хамт эхлээд “Ленин клуб”-ын автобусны буудлын “U money” карт худалдан авах, цэнэглэх гэрээт цэгүүдээр орж, борлуулагчидтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэндээсээ Ч:30 номерийн автобусанд сууж, нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд, олон нийттэй уулзан, хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байгааг тодруулан асууж, цаашид юуг анхаарч ажиллах талаар нээлттэй санал солилцож ярилцсан юм.

Зорчигчдийн зүгээс “Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл бий. Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх, смарт карт цэнэглэх цэгүүдийг олшруулах, өглөө эрт цагтаа онгойдог байх, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх” гэсэн зарим саналуудыг Хотын Захирагчид уламжилж байв.

Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн цахим карт цэнэглэх нийт 539 цэгийн 318 буюу 59 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоол дээр, 124 буюу 23 хувь нь автобусны зогсоолоос 5-50м-ийн зайд, 38 буюу 7 хувь нь автобусны зогсоолоос 60-100м-ийн зайд, 59 буюу 11 хувь нь автобусны зогсоолоос 110-600м-ийн зайд байрладаг.

АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна

Arslan.mn

“U money” цахим карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна гэж “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагууд энэ үеэр Хотын Захирагчид мэдээллээ.

Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан Ч:65 Зайсан-Офицеруудын ордон, Ч:2 Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврээр зорчиж, чиглэл тус бүрт зорчигчдын үйлчлүүлэх ачаалал ямар байгаа болон автобусны жолооч нарт тулгамдаж буй асуудал юу байгааг асууж ярилцан, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд ая тухтай цэвэр орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгав.

Мөн нийтийн тээврийн салбарт  парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа тухай тэрбээр иргэдтэй уулзах үеэр дурьдлаа. Хотын захирагчийн зүгээс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад “U-money” цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавьж ажиллах, автобусны буудлуудад ажиллахгүй байгаа карт борлуулах цэгийн ТҮЦ-үүдийг буулгах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “U money” картны хялбаржуулсан үйлчилгээ, аппликейшний нэмэлт хөгжүүлэлтэд анхаарч иргэдэд ойлгомжтой, хүндрэлгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, олон нийтэд сурталчилж ажиллахыг хүслээ.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610489
0 эможи

keyboard_arrow_up