Нэг хот-нэг стандарт нийслэлийн анхдугаар зөвлөгөөн эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 2000 гаруй хүн оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр “Өнөөдөр бүтээн байгуулалтууд өрнөж, мэдээлэл технологийн дэвшил бидний амьдралд нэвтэрсэн боловч иргэдийн амьдрах орчин, агаар, ус, хөрсний бохирдол, хот тохижилт ногоон байгууламж, хог хаягдал, гудамж талбайн эвдрэл гэмтэл, ногоон байгууламжийн хомсдол, үер усны эрсдэл зэрэг маш олон асуудал бидний дунд хэвийн үзэгдэл мэт бугшсаар байна. Сүүлийн жилүүдэд нийслэлд хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдсээр байгаа ч хүн амьдрахад таатай орчныг төдийлөн бий болгож чадахгүй байна. Хотын гудамжинд, орон сууцны хороолол дотор мөрдүүлвэл зохих стандарт, норм, дүрмийг зөрчсөн олон тохиолдол нийтлэг үзэгдэл болжээ. Тиймээс Улаанбаатар хотыг стандартгүй, хяналтгүй, хайхрамжгүй буруу жишгээр хөгжүүлж хэвшсэн байдлыг нэн даруй таслан зогсоож, шинэ бодлого өндөр хариуцлага, ухамсарыг төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, иргэд олон нийтийн дунд төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь стандарт юм” гэв.
Энэхүү зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх тухай санал солилцож, салбарын удирдлага, албан тушаалтнууд илтгэл тавьж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.
Ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж байна. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх аж. Зөвлөгөөнийг нийслэлийн ЗДТГ, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
|